Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Амьдрал бэлэглэх шинэ жил

Амьдрал бэлэглэх шинэ жил
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 13
“Гэгээ” сургууль энэ шинэ жилийг “Бяцхан дүү нартаа амьдрал бэлэглэх шинэ жил” нэртэйгээр зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал, хандив цуглуулж ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаас эхлээд зургаан нэр төрлийн тоног төхөөрөмж, компьютерыг өнөөдөрхүлээлгэн өглөө. Шинэ жилээр зөвхөн баярлаад л өнгөрөх биш бусдад тусалж, сайн сайнхныг түгээх нь тэдний зорилго аж.
Тэдний “Амьдрал бэлэглэх шинэ жил”-ийн түүх хэрхэн өрнөсөнтэй танилцацгаая.

Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй

Биднийг очиход Дутуу нярай хүүхдүүдийн тасагт хамгийн бага нь гэхэд 1 кг 200 граммтай хүүхэд байлаа. Нэг кг элсэн чихэр ямар жинтэй байдаг билэ, түүнтэй адил жинтэй хүүхдүүд энэ тасагт олон. Дутуу төрсөн хүүхэд гэдэг 37 нидель хүрээгүй хүүхдүүдийг хэлдэг юм байна.
"Гэгээ” сургуулийн сургалтын менежер Б.Болортуяа яагаад энэхүү тасгийг сонгох болсон, хэрхэн хандивын аян зохион байгуулсан талаараа бидэнтэй хуваалцлаа.
undefined
Тэрээр “Энэхүү үйл ажиллагаанд манай сургуулийн 278 сурагчийн гэр бүл, 40 багш, ажилчин оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хандивын аян зохион байгуулсан. Ингэхдээ долоохон хоногийн дотор 9 сая төгрөгийг цуглуулж чадсан. Шинэ жилээр авах бэлэгний мөнгөө манай хүүхдүүд бусдын сайн сайхны төлөө зориулж байна. Бид бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготойгоос гадна эмч, сувилагч нар ажлын байрандаа сэтгэл ханамжтай ажиллахад нь туслахыг хичээсэн. Энэ цаг үеийн эгэл баатрууд бол нярайн тасгийн эмч нар. Тэдний ур чадвар, анхаарал, халамж, сэтгэл зүтгэл, тоног төхөөрөмжийн хүч чадлаар 600-700 граммаас эхлээд 2кг 200 граммтай хүүхдүүд ээж аавынхаа гар дээр гүйцэт өсөж торниод очно гэдэг гайхамшиг. Энэ нь олон гэр бүлд амьдрал, баяр баясгалан бэлэглэх юм гэдэг санаачилгатайгаар үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Долоохон хоногт бүтээсэн гайхамшиг

undefined
Дутуу төрсөн нярайн тасаг 45 ортой боловч өнөөдөр 70-иад хүүхдэд эмчилгээ, тусламж үзүүлж байна. Сүүлийн үед дутуу төрөлтийн тусламж, үйлчилгээ сайжирч байгаа ч дутуу төрсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг ЭХЭМҮТ-ийн эмч нар онцолж байлаа. Тус тасагт хандиваар ирсэн тоног төхөөрөмж ямар ач тустай болохыг ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасгийн зөвлөх эмч Ш.Чимгээ тайлбарлалаа.
Тэрээр “Дутуу нярайн тасгийн хүүхдүүдэд маш их хүчилтөрөгчийн хэрэгцээтэй байдаг. Дутуу төрсөн учраас бараг 2-3 сар болтлоо хүчилтөрөгчгүй байж чаддаггүй. Хэдийгээр манайх хананы хүчилтөрөгчийн системтэй ч гэсэн манай ачаалал бараг хоёр дахин их.  
“Гэгээ” сургуулийн хандивласан хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь тасалгааны агаарыг шүүж хүчилтөрөгчийг ялгаруулж хүүхдэд өгдөг. Иймээс үнэхээр хэрэгтэй зүйлийг хандивласан. Мөн дутуу төрсөн нярайн хүчилтөрөгчийн ханамж буурах болон зүрхний цохилтыг хэмждэг аппарат өгсөн нь яаралтай тусламж үзүүлэхэд чухал нөлөөтэй. Бидэнд хэрэгтэй, шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивласанд манай тасгийнхан үнэхээр баяртай байна” гэсэн юм.
undefined
Мөн “Гэгээ” сургуулийн долоодугаар ангийн Ариунсүрэн багш санаачлан ангиараа бяцхан хүүхдүүдэд хөлөөсөө дулаан байх нь хамгийн чухал гэдэг мэдрэмжээр хүүхдүүд өөрсдийн гараар ноосон бойтог сүлжиж, ээжүүдэд нь урам хайрласан захидалтайгаар бэлдэж ирж, баяр хөөр нэмлээ.
Түүнчлэн, нярайн эмгэг судлалын тасгийн зүгээс “Гэгээ” сургуулийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэн "Талархал” гардууллаа.
Ийнхүү аз жаргал, баяр хөөр дүүрэн нэг өдөр өнгөрлөө. Үүгээр ч зогсохгүй тэдний амьдрал бэлэглэх шинэ жил  хэчнээн олон гэр бүлд аз жаргал бэлэглэхийг таашгүй.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн