Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, түүнээс үүдсэн хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг бууруулах, хот суурин газарт нүүрлээд буй бэрхшээлийг даван туулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг бодлогын түвшинд үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тэгвэл Дэлхийн банкнаас хотжилтоос үүдсэн зарим асуудал цаашид анхаарах хэд хэдэн зөвлөмжийг өгсөн юм.
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын орчны эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Алтанзагас: Монгол Улсын хүн амын 70 хувь нь хот суурин газарт амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотод 50 гаруй хувь нь амьдарч байна. Иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан аж амьдралын байдал бол хотын хамгийн чухал хөрөнгө байдаг. Хотын эрүүл мэндийн асуудал бол олон улсад ч том асуудлын нэг болдог.
Дэлхий дээр 8 тэрбум гаруй хүн амьдарч байна. Үүнээс 4.2 тэрбум хүн нь эрүүл мэндийн шаардлага хангасан орон сууц, тээврийн хэрэгсэл, ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй , хог хаягдлын менежмент нь муу мөн агаарын чанар нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан нөхцөлд амьдарч байна гэж үздэг.
ДЭМБ-аас ямар тооцоо судалгаа хийсэн байдаг вэ гэвэл нийт дэлхийн оршин суугчдын 40 гаруй хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй, шаардлага хангасан ундны усны хангамжаар хангагдаагүй байдаг. Дэлхийн түвшинд бол хот суурин газарт амьдарч байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь бохирдсон агаараар амьсгалж байна гэсэн тооцоолол бий. Мөн хотын тээврийн хэрэгслийн буруу зохион байгуулалт нь зам тээврийн осол гэмтэл, хүний идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөлийг хязгаарлах зэрэг олон төрлийн аюулыг бий болгодог. Энэ нь цаашлаад хүн амын дунд халдварт өвчин, осол гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна.