Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сарын 12, 13-нд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар болжээ. Энэхүү шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж, үндэслэлээ танилцуулав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ удаагийн ээлжит хурлаар бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, банкны төгрөгийн болон гадаад валютын заавал олгох нөөц хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдлыг харгалзан үзсэн. АНУ, Европ, Англи зэрэг томоохон эдийн засгуудад мөнгөний бодлого энэ жил зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Глобал эдийн засгийн өөрчлөлтөд эергээр нөлөөлж байгаа хэрэг юм. БНХАУ-ын эдийн засгийн төлөвийн талаар шинжээчдийн хүлээлт өөдрөг биш байгаа нь гадаад эрэлт, нүүрсний экспортын үнэ буурч болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Жилийн инфляц 2024 оны аравдугаар сард 7 хувьтай байсан бол арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өссөн. Энэхүү өсөлт нь цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ аравдугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна.