“Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо зөөнө”
‘Tariff is the most beautiful word.’
“Хамгийн гоё үг бол тариф” Д.Трамп
Чөлөөт худалдаа гэдэг бол үнэ цэнтэй зүйлээ үнэ цэнтэй зүйлээр солихыг хэлдэг.Үнэ цэнэт зүйлсийг бид өөрсдийн бүтээлч хөдөлмөр, логикоор бүтээдэг. Үүний үр дүнд хүмүүс бие биенээсээ золиос шаардахаа больсон. Худалдаж буй хүн худалдан авч буй та аль аль нь бусадтай чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр солилцоо хийдэг ба өөрсөд өөрсдийнхөөрөө тооцон хийсэн арилжаа талуудад аль алинд нь ашигтай болдог.
2024 оны гуравдугаар сарын 13-нд Шадар сайд С.Амарсайхан “ЗГ-аас импортын гурил тэжээлийн татвар нэмэх тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлж байна. Үнэ нэмэгдээд ард иргэд гурил авч чадахгүй байхад зүгээр хараад суух эрх байхгүй. Тохиргоог хийнэ” гэж мэдэгдээд УИХ-р татварыг тэглүүлэв. Тэр үед “Алтан тариа” компаний захирал П.Цэнгүүнээс өөр ямар ч дотоодын үйлдвэрлэгч компаний захирал эсэргүүцээгүй юм. Хэвлэл ч ЗГХЭГ-ын даргад тал засаад дуугараагүй. Шадар сайд Лу.Гантөмөр яагаад гэнэт ийм асуудал гарч ирэв гэхэд одоо “Нуугаад байсан зүйл байхгүй. Та нар гурил дээр дуугарсан уу, цаг тухайд нь ярихгүй яасан юм” гэж хэвлэлийнхэнээс ам асууж байна. Түүний ярьж буйн тал нь үнэн.
Гурилаар хийсэн туршилт дажгүй болсон тул 2024.05.08 нд Москвад болсон ЕАЭЗХ-ны хурлаар Монгол Улстай “чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Зарим бараа бүтээгдэхүүнд харилцан тарифийн хөнгөлөлт буюу гаалийн татварыг бууруулах зорилготой юм.
2011 оны аравдугаар сарын 4-ний “Известия” сонинд В.В.Путин нийтлэл бичсэн байдаг. 2011 оны есдүгээр сарын 24-нд “Нэгдсэн Орос” намаас ОХУ-н Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон хүний хувьд энэ нийтлэл мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг гэж ойлгож болно. ЕХ-ны эсрэг холбоо байгуулж тариф, гаалийн татваргүй худалдаа хийх эдийн засгийн холбоо байгуулах санаагаа илэрхийлжээ. Юун түрүүнд ЕХ-г сөрсөн байх тул хуучин ЗХУ, ТУХН-н орнуудыг татан оруулах төлөвлөгөө юм. Хамгийн чухал нь Украин байв. Харин Украин санаснаар нь биш ЕХ–г түшсэн. Энэ бол ондоо түүх.
2014 оны тавдугаар сарын 29-нд ОХУ, Беларусь, Казахстаныг оролцуулан ЕАЭЗХ байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж 2015.01.01 нд хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлжээ. Дараа өдөр нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нд Армени улс элсэж, 2015 оны наймдугаар сарын 1-нд Киргизстан улс нэгдэв. 2018 нд ЕАЭЗХ-нд хамрагдаж буй бүс нутгийн ДНБ-ий 87%, хүн амын 80 % ОХУ-д оногдож байв.
10 жилийн ойтойгоо золгохдоо дөнгөж 5 улс гишүүн нь болсон. Ойн босгон дээр нь Монгол улс чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж байна.
Өнгөрсөн жилүүдэд хүнсний хангамж дотоодоос 70%, импорт 30% орчим харьцаатай болж ирж байсан бол, энэ онд зөвхөн ОХУ-с импортлогдсон гурил нийт гурилийн хэрэгцээний 45% боллоо. (Эх сурвалж: gaali.mn) Өнгөрсөн сонгуулийн өмнө гурил, тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурил үйлдвэрлэл 45% унаж, дагаад улаан буудайн тариалалт 33% буурсан. 2024 оны аравдугаар сарын 11-нд ургацын балансыг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ 257,49 мянган га талбайгаас 335,7 мянган тонн үр тариа хураасан гэж мэдэгдсэн нь худал юм. ( Эх сурвалж: “Өнөөдөр” сонин)
Бид буцаад 1990-ээд оны ганзагын наймааны үе рүү ухралт хийнэ. Улмаар дээрх харьцаа урвуу болно. СЯ-ны танилцуулснаар 2023 оны байдлаар ЕАЭЗХ-ны 5 гишүүн улсаас 2,5 тэрбум ам. долларын бараа импортолж, 143 сая ам. долларын бараа экспортолсон байна. Бараа эргэлтийн харьцаа 95:5 байна.
2024 онд ч импорт өссөөр байгааг доор графикаас харж болно.
Харин дотоодын үйлдвэрлэл буурч байна. (Эх сурвалж:1212.mn) Монголын талаас махны бизнес эрхлэгчид дэмжих аястай байгаа нь анзаарагддаг. ОХУ-ын тавьдаг 15-50% тарифаас чөлөөлөгдөж мах экспорлох боломжтой гэж бодож буйгаас юм. Гэвч бодит байдал дээр Монгол Улсаас мөнгө шилжүүлж болох ганц банк нь Газпром банк байсан боловч, 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Сангийн яам хоригт оруулсан. Хориг шатахууны төлбөрт хамаарахгүй. Бараа бүтээгдэхүүн борлууллаа ч төлбөр тооцооны асуудал байсаар байх болно.Чөлөөт худалдаанд болзолт нөхцөл байдаг. Аль аль нь чөлөөт зах зээлийн тогтолцоог хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмждэг байх нөхцөлтэй. Дээрх холбооны улсуудтай FREE & FAIR TRADE хийх нөхцөл байхгүй юм. Тиймээс боломжоос (opportunities) аюул занал(threats) нь илүү.
ОХУ-аас гахай, тахианы мах, улаан буудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт огцом нэмэгдэх магадлалтай. Шалтгаан нь :
1. Дайнаас болж хоригт орон рублийн ханш унасан.
2. Дотооддоо ХАА салбар нь асар том татаастай, бодит үнэ биш.
Монгол Улсын хүнсний үйлдвэрлэл ийм хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж тааруу. Нийт 7-8 их наяд төгрөгийн хүнсний үйлдвэрлэлийн 1/4 нь архи, пиво. Үлдэх 6 их наяд төгрөгний борлуулттай хүнсний үйлдвэрүүд хаалгаа барих эрсдэлтэй. Хүнсний үйлдвэр дөрвөн ээлжээр ажилладаг байсан бол гурван ээлж болсон. Энэ салбарт 60-70 мянган хүн ажилладаг, энэ хүмүүсийн ажлын байрыг хадгалахад бэрхшээлтэй. ОХУ-ын зүгээс янз бүрийн шахалт дарамт байж магадгүй. Татварын хувь хэмжээг тогтоох эрх зөвхөн УИХ-д байх тул “чөлөөт худалдааны гэрээ” байгуулах бол парламентаар хэлэлцүүлж тогтоол гаргуулах ёстой.
Бид түүхэндээ олон сорилуудыг давж гарч ирсэн. Монгол төрийн гадаад бодлого нь дэлхийн хамгийн том гүрнийг байгуулан жолоодох менежментээс эхлээд хамгийн том хоёр гүрний дунд хамгийн цөөхүүлээ оршин тогтнох урлаг хүртэлх өргөн агуулгатай. Хэлэлцээрт амжилт хүсье.