"Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" сэдвээр “Хот байгуулалтын форум - 2024” арга хэмжээ өнөөдөр боллоо.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж иргэдэд таатай эрүүл аюулгүй байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлэх” зорилгын хүрээнд "20 минутын хот" стандартыг нэвтрүүлэхээр болсон. Өнөөдрийн форумаар 20 минутын хотын стандарт болон Хот байгуулалтын хуулийн талаар голчлон ярилцсан юм. Ингээд зарим оролцогчийн байр суурийг тоймлон хүргэж байна.Улсын их хурлын гишүүн А.Ундраа: Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд хот байгуулалтын тухай хууль өргөн баригдахаар хуулийн төсөл яригдаж байгаа. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлтгэгдэж байна. Засгийн газраас бэлдэж буй гол хууль бол Орон сууцжуулалтын тухай хууль юм.Улаанбаатар хотын хувьд маш олон тулгамдсан асуудлууд байна. Хамгийн сэтгэл зовоож буй асуудал бол агаар болон орчны бохирдол юм. Саяхан нэг судалгааны ажилтай танилцахад гадаад орчны агаарын бохирдлоос болж 2800 орчим хүний амь нас эрсэдсэн байна. Дотоод орчны агаарын бохирдлоос болж 4000 гаруй хүн амь насаа алдсан байна. Тиймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол олон хүний амь нас эрсдэх аюултай байна. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй Дархан, Эрдэнэт зэрэг суурин хот газруудад агаарын бохирдол өндөр байна. Эдгээр асуудалд нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.