Монгол Улсад орон сууцтай болохыг зорьж буй айл өрхүүд ойролцоогоор 5-8 жилийн орлогоо бүтэн хадгалж байж дундаж хэмжээний орон сууц худалдан авах урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж байгаа талаар судалгааны дүнг саяхан танилцууллаа. Нөгөө талд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахаар төлөвлөн орлогоо хуримтлуулж байх хугацаанд орон сууцны метр квадратын үнэ дундаж цалингаас ч хурдтай өсөж байна.
Сүүлийн 10 жилийн харьцаа үзүүлэлтийг харахад өрхийн орлогын өсөлтөөс орон сууцны үнийн өсөлт илүү өндөр байна. Шинэ орон сууцны үнэ сүүлийн 5 жилийн хугацаанд хоёр дахин өссөн буюу метр квадрат нь 2,2 сая төгрөгөөс 3,9 сая төгрөг болж нэмэгдсэн ч орон сууц худалдан авах чадамж энэ хэмжээгээр өсч чадсангүй.
Өрхийн сарын дундаж орлого сүүлийн таван жилийн хугацаанд 800 мянган төгрөгөөр өссөн нь иргэдийн цалин орлого нэмэгдэж, нэг гэр бүлд орлого олох хүний тоо хэчнээн өсөөд ч орон сууцны үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй хэмжээнд байна. Ийм учраас Монголчуудад орлогоо хуримтлуулаад байртай болох мөрөөдөл биднээс улам бүр алсарч байна. Энэ сэдвээр “ТОЙМ ТОО” ээлжит дугаараа хүргэж байна.