Open iToim app
Парламент | 2 мин уншина

О.Алтангэрэл: Хууль сахиулагчдын төсвийг хасаж байхаар бүгдээрээ цалин авахаа больё

О.Алтангэрэл: Хууль сахиулагчдын төсвийг хасаж байхаар бүгдээрээ цалин авахаа больё
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 11
Төсвийн ажлын хэсэг өчигдөр шөнө 03.00 цаг хүртэл хуралдаж, саналаа боловсруулж, өнөөдөр өглөө УИХ дахь Төсвийн байнгын хороо хуралдаж, ажлын хэсгээс оруулж ирсэн санал бүрээр санал хураалт явууллаа.
Ингэхдээ ажлын хэсгийн оруулж ирсэн ихэнх саналыг байнгын хороо дэмжсэнгүй. Гишүүд тооцоо судалгаагүй таналт хийсэн байна хэмээн шүүмжилж, ажлын хэсгийн оруулж ирсэн саналуудыг бүхэлд нь дэмжсэнгүй. Тухайлбал, цагдаагийн байгууллага 863 орон тоо шинээр нэмэх санал оруулсан бөгөөд үүнийг ажлын хэсэг хоёр дахин бууруулахаар оруулж иржээ. Үүнийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл эсэргүүцэж, зам зохицуулах цагдаагийн орон тооноосоо хасахад хүрч байна гэсэн юм.
Тэрээр "Орон тоог 50 хувиар нэмэгдүүлсэн гэж яриад байна. Гэтэл хуулиараа хууль сахиулах байгууллагуудыг ийм, ийм үүрэг гүйцэтгэ гээд УИХ-аас хууль баталчихсан. Тухайлбал, он гараад ШШГ журмын тухай хуулиар ШШГ байгууллага нь цагдаагаас баривчлах байгууллагыг шилжүүлж авна. Баривчлах байр эрүүлжүүлэх хоёр цуг байдаг. Орон тоо нэг гэсэн үг. Цагдаа дээр эрүүлжүүлэх нь үлдэнэ, Шийдвэр гүйцэтгэх газар руу баривчлах байр нь очно. Баривчлах байранд харуул манаа, ээлжийн офицер, эмч, сувилагч хэрэгтэй болно. Энэ чиг үүргээ яаж гүйцэтгэх вэ.
Нийслэлээс санхүүжүүлж байсан 160 гэрээт орон тоог ирэх онд санхүүжүүлж чадахгүй гэсэн. Та нар зам дээрээ гарч замаа зохицуулах юм уу. Хотын замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа 160 залууг хасах болж байна. 50 хувийг нь хасна гээд 80-ыг нь зогсоогоод 80-ыг хасах юм уу. Хэмнэх гэж байгаа бол өөр юмнаасаа хэмнэе. Попорч байсан тэр зардлуудаасаа хас. Ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа, орон тоо нь дутаад байгаа байгууллагаас хасахаа боль. Хэмнэх зөндөө мөнгө байна.
Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аль алиных нь 50 хувь дутуу хийж болох ажлыг хэлж өг. Эсвэл энэ хуулиа хүчингүй болго. Хууль сахиулагчдын арай ядан нэмэгдэж байгаа төсвийг хасаж байгаа бол бүгдээрээ цалин авахаа больё" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн