УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Эдгээр сангуудыг санхүүжилтийг бууруулснаар Монголын кино урлаг дэлхийн зах зээлд гарах дэмжлэгүүд бүрэн зогсоно. Өнгөрсөн хугацаанд Сэр сэр салхи, Баавгай болохсон, Чимээгүй хотын жолооч зэрэг уран бүтээлүүд энэ сангаар дамжуулан олон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг болсон. Кино төслүүд санхүүжилтээ өөрсдөө 70 хувийг босгож, сангаас 30 хувиа бүрдүүлдэг. Ийм боломжууд бий болсон. Засгийн газраар дамжуулан дэлхийн зах зээлд гарах, монгол агуулгын кино уран бүтээл гарахгүй байх эрсдэлд хүрч байна" гэсэн мэдээлэл өгсөн.
Түүний мэдээлэлтэй холбоотойгоор Баавгай болохсон киноны найруулагч П.Золжаргал өөрийн цахим хуудастаа "Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт аваагүй" хэмээн мэдэгдээд байгаа юм. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос хэвлэл мэдээллийн байгууллагынхан тайлбар авчээ.
Тэрээр "Кино урлагийн зөвлөл, Кино урлагийг дэмжих сан олон улсын стандартаар хараат бус, бие даасан шийдвэр гаргадаг мэргэжлийн зөвлөл байдаг. Зөвлөлийн үйл ажиллагааны талаар яригдсан зүйлээс ташаа мэдээлэл гарсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 18 кинонд дэмжлэг олгосон байна. Кино урлагийн зөвлөлөөс хэн хэдэн төгрөгийн дэмжлэг авсан бэ гэдэг мэдээллийг авах нь зөв. Кино урлагийн зөвлөл гурван чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Нэгд, кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хоёрт, олон улсын чанартай дэлхийн тавцанд гарах кино продакшинуудыг дэмжих, гуравт, олон улсын кино наадмуудад оролцох боломжоор хангадаг гэдэг мэдээллийг өгсөн. Энэ мэдээллээс ташаа мэдээлэл гарсан байна” гэлээ.