Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны нийгмийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Эмнэлэгт суурилсан тандалтаас харахад 9643 хүн хэвтэж эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс эзэлж байна. Томуу, томуу төст өвчний хүндрэлийн илэрч байгаа хэлбэр нь амьсгалын замын цочмог хүнд халдвар байдаг. Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад амьсгалын замын цочмог хүнд халдвар 10 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 47.1 хувь, амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсдийн 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Ингэхээр амьсгалын замын цочмог халдвараар оношлогдсон 5 хүн тутмын 4 нь тав хүртэлх насны хүүхдүүд байна гэсэн үг. Энэ нь өмнө долоо хоногтой харьцуулахад 8.5 хувиар ихэссэн бөгөөд цаашдаа ч ихсэх хандлагатай байгааг анхааруулж байна. Тийм учраас эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлгүүдээрээ дамжуулан одоо ч гэсэн томуугийн вакцинд хамрагдах боломжтой.
ХӨСҮТ-өөс арванхоёрдугаар сарын 9-нд амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэж байгаа бага насны 109 хүүхдэд 15 төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд 67 сорьцоос ямар нэгэн вирус илэрсэн. Үүнээс 30 нь амьсгалын замын синцитиал вирусийн халдвар байна. Эерэг тохиолдлын 12 нь улирлын томуугийн хүрээний H1 N1 вирус байгаа юм. Харин 18 сорьцод вирусийн хавсарсан халдвар байна.
Гадаад орчны агаарын бохирдлоос болж жилд дэлхий дахинд 4.2 сая хүн нас барж байна. Харин дотоод орчны агаарын шалтгаалж жилд 3.2 сая хүн нас бардаг. Манай улс олон жил агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан. Тухайлбал, 2021 онд н.Энхжаргал болон бусад судлаачдын хийсэн судалгаа байдаг. Энэ нь амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын нөлөөлөл ямар байгаа талаар судалгаа хийсэн. Энэхүү судалгаагаар:
Зүрхний шигдээс өвчний 31.4 хувь
Тархины судасны өвчний 31 хувь
Уушгины хатгалгааны 18 хувь
Уушгины архаг бөглөрөлт өвчний 13.3 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бид бүгдээрээ л мэдэж байгаа. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарын бохирдлын PM2.5 тоосонцрын хэмжээ буурсан. Гэхдээ зарим химийн элемент хэвийн хэмжээнээс нэмэгдсэн үзүүлэлт байгаа. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд олон нийтийн газраар бага явах, амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Мөн аж ахуй, албан байгууллагуудад олон хүн цугласан арга хэмжээ бага зохион байгуулах, гар халдваргүйжүүлэх боломжоор хангах, агаар шүүгч байрлуулахыг уриалмаар байна.