Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа

Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 11
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухаан-Оролцоо 2024" форумыг шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллага Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулав.
Энэ үеэр 2024 оны “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийн шагнал гардууллаа. Энэ онд  эрдэм шинжилгээний 10 шилдэг бүтээл, эрдэм шинжилгээний 7 шилдэг өгүүлэл тус тус шалгаруулсан байна.
Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор, профессор Я.Оюунчулуун нарын “Хөвсгөл нуурын зүүн эргийн цутгал голуудын ёроолын сээр нуруугүйтний таксономын болон функциональ олон янз байдалд бэлчээрлэлтийн нөлөө” өгүүлэл хөдөө аж ахуйн салбарт шилдгээр шалгарлаа.
undefined
Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор, профессор Я.Оюунчулуун: “Хөвсгөл нуурын зүүн эргийн цутгал голуудын ёроолын сээр нуруугүйтний таксономын болон функциональ олон янз байдалд бэлчээрлэлтийн нөлөө” гэх сэдэвтэй өгүүлэл нь 2022 онд гадаадын сэтгүүлд нийтлэгдэж байсан. Энэхүү судалгааны ажлаа өмнө нь биологийн төрөл зүйлийн хомсдол цэвдлийн гэсэлтийн динамик гээд Хөвсгөл нуурын зүүн эрэгт Дэлхийн банк дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд хийсэн.
Энэ судалгааны ажилд залуу судлаачдыг оролцуулан томоохон судалгааны ажил хийсэн. 23 залуу судлаач оролцож, оролцсон бүх судлаачид докторын зэргээ хамгаалан шинжлэх ухааны салбартаа үр бүтээлтэй ажиллаж байна. Бид 20 жилийн дараа Хөвсгөл нуурын судалгаан дээр шинэ төсөл авсан.
Хамгийн анх 2002 онд энэхүү судалгааг хийж эхэлсэн. 2022 онд дахин төсөл авч судалгаа хийсэн газартаа эргэж очсон. Судалгааны гол ач холбогдол бол бэлчээрийн хэт талхагдлаас болж усны эко системд ямар нөлөө үзүүлж байгаа, тэр дундаа усанд амьдарч байгаа сээр нуруугүйтэн амьтдад ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг судалсан.  
Судалгааны үр дүнд таксономик болон функциональ янз байдал. Таксономик нь төрөл зүйлийн олон янз байдал. Функциональ олон янз байдал нь үйл ажиллагааны олон янз байдал гэсэн үг. Энэ олон янз байдал нь бохирдол ихтэй, илүү их талхлагдсан, буурсан үзүүлэлттэй гарсан. Малын нөлөөнөөс болоод усны чанар бохирдож, эргийн элэгдэл эвдрэлээс болж нарийн шороонууд гол руу орж, усанд амьдардаг сээр нуруугүйтэн амьтдын амьдрах орчинд нөлөөлдөг. Бид энэ асуудлыг судлан, судалгааны ажилдаа оруулсан.
Мөн эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн нэгээр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” бүтээл шалгарсан.
undefined
МУИС Шинжлэх ухааны сургууль Хүмүүнлэгийн ухааны салбар дэд профессор С.Дашдэжид: “Гэсэрийн туужийн хэл уран зохиолын судалгаа” бүтээлээр 2024 оны шинжлэх ухааны шилдэг бүтээл шагналаар шалгарлаа. Энэхүү судалгаа нь Гэсэрийн туужийн эхүүдийг хэлний болон уран зохиолын үүднээс орчин цагийн онолын үндэслэл дээр хийсэн судалгаа юм. Мөн хоёр эхийг кирилл болгож үгийн сангийн болон соёлын тайлбартай болгох юм.
Гэсэрийн туужийн судалгаа бол дэлхий дахинд харьцангуй хумигдмал байдаг. Тийм учраас энэ судалгааг дэлгэрүүлэх олон нийт, хүүхэд залуучуудад танилцуулах шаардлагатай. Бид суурь судалгаа хийж8 үүний дараа илүү сонирхолтой байдлаар хүүхдүүдэд таниулах зорилготой. Гэсэрийн туужийг 9-р ангийн сурах бичигт уран зохиолын хичээлд үздэг. Гэвч 9-р ангийн хүүхдүүд Гэсэрийн туужийг бүрэн гүйцэд утга санааг нь ойлголгүй өнгөрдөг нь харамсалтай. Эрдэмтэн судлаачид бид бүхэн үгийн сан нь ойлгомжгүй эртний үг хэллэгүүд, шашны үг хэллэг орсон бүтээлийг илүү хялбаршуулъя гэж зорьсон.
Хүүхдүүдэд Монголын уран зохиолын ноён оргил бол Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар гэж их ярьдаг боловч Гэсэрийн туужийг хүүхэд залуучууд төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь тулгамдаж буй асуудал юм. Энэхүү асуудлыг үүрэг хариуцлагынхаа үүднээс хүүхэд, олон нийтэд ойлгомжтой болгож инновац болгон хөгжүүлэлт хийж, танин мэдүүлэх нь маш чухал ач холбогдолтой.
Гэсэрийн туужийг нийгэмд хандсан хялбаршуулсан бүтээл болгож энэ цаг үеийн эрэлт хэрэгцээ хүсэлд тулгуурлан унших бичиг, комик болгон хийж байна. Бид энэхүү бүтээлээ нийгэм хүмүүнлэгийн салбар дахь инновацын бүтээл болгохоор зорьсон.
Тус бүтээл нь “Бээжин барын Гэсэр” болон “Лүн Фү Сэ хийдээс олдсон Гэсэр”-ийн барын болон хулсан үзгийн эх бичгийг сурвалж болгон уран зохиолын онолын үүднээс судалж, кирилл үсгээр хэвлэгдэж байгаагүй 7 бүлгийг үгийн сан, соёлын тайлбар, зүүлтийн хамт хэвлүүлсэн хэл, уран зохиолын харьцангуй бүрэн хэмжээний судалгаа юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн