Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Улсын дээд шүүх хэргийг хянахдаа хэргийн холбогдол, хамаарлаар нь таван хэсэгт ангилан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн агуулгыг шүүх хуралдаан даргалагч М.Пүрэвсүрэнгийн уншиж танилцуулснаар тоймлон хүргэе.
Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг цагаатгасан үндэслэл хуульд нийцээгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлнэ
1. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний холбогдсон хэрэг
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэрэг. Энэ хэрэг дээр гурван асуудал байгаа. Говийн зам компани, Бэрэн компани, Монроуд компанитай холбогдож байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холболдол өгөхүйц нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.
Сайд асан Н.Батбаярын холбогдсон Монроуд компанитай холбоотой хэргийн талаар Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой Анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн. Эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын үндэслэлийг үндэслэлтэй гэж үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Э.Шинэбаяр, Н.Мөнхбат нарт холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх шийдвэрийг гаргалаа.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн хэргийг тусад нь залгаж, дахин хэлэлцүүлнэ
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг
Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч бүрийн үйл баримт, үйлдэл бүрийг нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй, Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм журамд ТУЗ болон гүйцэтгэх удирдлага, Зээлийн удирдлагын хороонд тодорхой үнийн дүнгээр хязгаарлаж төсөв санхүүг хуваарилж, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргана гэж заасан байдаг байсан. Эдгээр баримтад тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тиймээс ТУЗ-ийн дарга болон гишүүдэд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх тухай Давж заалдах шатны магадлалыг үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга гишүүдийн Бэрэн компанийн 22 сая ам.долларын зээлтэй холбоотой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэхдээ үйл баримтын хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь цагаатгах хангалттай үндэслэл болохгүй байна гэж үзсэн. Иймд Давж заалдах шатны шүүхийн хэргийг дахин шалгах магадлалыг хэвээр үлдээсэн. Энэ хэрэгт холбогдох хүмүүсийг нэрлэвэл, Даажамба, Оюунчимэг, Махбал, Даваасамбуу, Бат-Очир, Үхэртар, Бат-Эрдэнэ, Магнайсүрэн, Баярмагнай, Шинэбаатар, Отгочулуу, Нэргүй, Баянмөнх, Найдалаа, Лхагвасүрэн, Р.Батбаяр, Золжаргал, Дашзэвэг, Одонтуул, Батзаяа, Баттуул, Баярчимэг, Хуягцогт нар. ТУЗ бол бие даан шийдвэр гаргадаг байгууллага учраас эдгээр хүмүүсийн хэргийг бусад нь хэрэг нээн шалгах ёстой гэж үзсэн.
Мөн ТУЗ-ийн зарим гишүүний холбогдсон өөр зүйчлэлтэй хэргээр дараах шийдвэрийг гаргасан. Тухайлбал, ТУЗ-ийн дарга Даажамба албан тушаалаа урвуулан ашигласан гэх хоёр хэрэг, хахууль авсан гэх хоёр хэрэг, нийт 4 хэрэгт холбогдсон. Эдгээр албан тушаалаа урвуулан ашигласан гэх Бэрэн, Монгол Драй Милк компанийн зээлтэй холбоотой хэргийг дахин шалгах ёстой. Харин тустай зүйчлэлтэй НВЦ, Монгол мах импекс, Монгол эм импекс концерн компанид зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авсан нь нотлогдож тогтоогдсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан учраас энэ хэсгийг хэвээр үлдээв.
ТУЗ-ийн гишүүн Б.Шинэбаатар нь Эрдэнэт үйлдвэрийн дэд захирлаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт явуулах журмыг зөрчиж, хоёр ширхэг хүнд даацын БелАЗ тээврийн хэрэгслийг худалдан авч албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон. Нэг зүйлчлэлтэй Говийн зам компанитай холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон тул энэ хэрэгтэй хамт дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
3. Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гишүүдийн холбогдсон хэрэг
Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, зарим гишүүн нь зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож ял шийтгэсэн Анхан шатны шүүхийн хууль тогтоомж үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул шийтгэх тогтоолын тэдэнтэй холбоотой хууль тогтоомжийг хэвээр үлдээв. Энэ хэсэгт хамаарах хүмүүсийг нэрлэвэл, Батбаяр, Энхбат, Будхүү, Чойжилжалбуу, Мягмаржав, Дэлгэрсайхан, Цогтбаатар, Мөнхбаяр нар. Эдгээрээс Цогбаатарын холбогдсон хэрэг нотлогдоогүй учраас хэрэгсэхгүй болгож, бусдынх нь ял шийтгэлийг хэвээр үлдээв.
Инжир компанийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны Хяналт шалгалт, тамгын хэлтсийн дарга Ганхуяг хахууль авсан, нийтийн албан тушаалтан болох Эрдэнээ хахууль өгсөн хэрэгт гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээв.
Бэрэн компанийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болгох шийдвэрийг хоёр шатны шүүхээс гаргасан. Гэтэл түүний холбогдсон бусад хэргүүд, өөрөөр хэлбэл, Говийн зам компанитай холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлүүлсэн тул нэг зүйлчлэлтэй хэргийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно гэж үзээд хамтдад нь шийдвэрлүүлэхээр шийдэж байна.
4. Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг
Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ажилтан Билгүүн, Уянга, Оюунчимэг, Чинзориг, Пүрэвсүрэн, Мөнтулга, Чойжилсүрэн, Батзориг, Хүчитбаатар, Амгалан, Гантогтох, Цолмон нарын холбогдсон хэргийг цагаатгаж, мэргэжилтэн Аззаяад холбогдох хахууль авсан хэргийн зүйчлэлийг нийтийн албан тушаалтан биш гэсэн үндэслэлээр өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс Билгүүн Пүрэвсүрэн Батзориг, Батбаатар, Мөнхтулга нарын гэм бурууг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Хяналтын шатны шүүхээс эдгээр хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд Батбаатарт холбогдох хэргийн магадлалын хэргээс бусдыг нь хэвээр үлдээсэн. Батбаатарын хувьд Газ импорт компанитай холбоотой зээлийн асуудалд холбогдсон. Энэ хэрэгт үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүхээс цагаатгаж шийвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд гэм буруугүй гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
5. Зээлдэгч аж ахуйн нэгж, иргэний болон бусад холбогдсон хэрэг
Хөгжлийн банкнаас Модун комплант, Шинэ яармаг, Вертекс Майнинг компанид зээл олгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, холбогдох албан тушаалтан болон зээлдэгч иргэдийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байна гэж үзээд хэвээр үлдээв. Эдгээр компаниуд Хөгжлийн банкнаас авсан зээл, төлбөрөө бүрэн төлсөн болохыг нэмж дурдъя.
Сэлэнгийн герефорд Б.Гансанням, Пирамид орд Ц.Цолмон, Мондулаан Ш.Бүтэд, Газ импорт Т.Мягмардорж, Монгол Драй Милк Э.Бат-Эрдэнэ, НВЦ Баатарбилэг, Бэрэн групп Мөнхтөр, Инжир Б.Өлзий нар нь нийтийн албан тушаалтан нийтийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна. Харин эдгээр хүмүүст гэмт хэрэг үйлдэж, хохируулсан хохирлоо төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байхад торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор хөнөөлийн шинж чанар, учруулсан хохиролд тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй. Энэ талаар прокурорын шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3, 4-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан хатгагчид гүйцэтгэгчээс багагүй ял оногдуулна гэсэн хуулийн зохицуулалтыг мөрдөөгүй бөгөөд дээр дурдсан компанийн захирлуудын хувьд энэ зарчим зөрчигдөсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүх ял шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
Хуулийн этгээд НВЦ, Ган хүдэр, Инжир компаниудын хувьд мөнгө угаах гэмт хэрэг төгс үйлдэгдсэн цаг хугацааг бурууг тооцож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд нэр дурдсан аж ахуйн нэгж, холбогдох албан тушаалтнуудад холбогдох Эрүүгийн хуулийн 22.1, 22.5, 18.6-д заасан гэмт хэрэгт оногдуулах эргүүгийн хариуцлагын төрөл хэмжээг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байна.
УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт оноосон хууль ял өнөөдөр хэрэгжиж эхэллээ
Шүүгдэгч Ё.Баатарбилэгийг НВЦ компанийн зээлтэй холбоотой хэрэгтэй тус компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.долларын хахууль авсан үйл баримт, түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 22.4.6-д зааснаар таван жил хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна. Харин гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн 7, 5 дугаар зүйлд зааснаар хураагаагүй байх тул энэ тогтоолоор Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах тогтоолын холбогдох заалтыг 100 ам.доллар буюу 246 сая төгрөг гаргуулах болгон өөрчлөлт оруулж байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, зэвсэг хэрэглэлийг заавал хураах хуулийн зохицуулалтай юм. Ингэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн.
Мөн Ё.Баатарбилэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.10-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 18.6.2.1-д заасан мөнгө угаах гэмт хэрэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн тул түүний эдлэх ял хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болж байна.
НВЦ компанийн зээлтэй холбоотой хэрэгт Хааны харгуй компани тусгай зөвшөөрөл авахын тулд Баттулга хахуул өгсөн, Баярсайхан хахуул авсан гэм буруутайд тооцож торгох ял шийтгэсэн. Мөн Ё.Баатарбилэгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хамаарал бүхий Доржсумъяа, Цэгмид нар Ц.Баатарбилэгийн хамаарал бүхий Цэрэндаваа нарын гэрчээс хамааралтай худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг Үндсэн хуульд заасан мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хуулийг зөв хэрэглэсэн, ноцтой зөрчил гаргаагүй учраас хэвээр үлдээв.
Пирамид орд компанийн зээлтэй холбоотой хэрэгт Санжмятавыг, Болоршүр компанийн зээлттэй холбоотой хэрэгт Содхүүг, Бэрэн компанийн зээлтэй холбоотой хэрэгт Цэлмэгийг хоёр шатны шүүх гэмт буруутайд тооцож, цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээв. Пирамид орд компанийн зээлтэй холбоотой хэрэгт холбогдсон Байгалмаад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.