Open iToim app
Анализ | 5 мин уншина

Төсөв тойрсон улс төр ба Монгол, Франц, Өмнөд Солонгост юу болоод байна вэ

Төсөв тойрсон улс төр ба Монгол, Франц, Өмнөд Солонгост юу болоод байна вэ
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 11
Монгол Улс сүүлийн гучин жилд анх удаа он гарахаас 20 хоногийн өмнө төсвөө баталж чадаагүй байна.  Мөн шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламент анх удаа баталсан төсвөө хүчингүй болгов.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаа төсөвт бүхэлд нь хориг тавилаа гээд 2025 оны төсөв тойрсон улс төр Монголд ид өрнөж байна. Тэгвэл энэ жил улсын төсөв тойрсон улс төр ганцхан Монгол Улсад өрнөөгүй аж. Өмнөд Солонгост ирэх оны төсвийн асуудал Ерөнхийлөгчөө огцруулах акц болсон бол Францад ирэх оны төсвийн асуудлаас болж Засгийн газар нь огцров.
Ингээд Монгол, Солонгос, Францад төсөв тойрсон ямар асуудлууд өрнөж байгааг тоймлон хүргэж байна.
Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагын 2023 оны судалгаагаар Монгол Улс, БНСУ, БНФУ-ын төсөвт дараах үнэлгээг өгч байжээ.  /Нийт 0-100 оноогоор хэмждэг/ 
Татвар нэмэгдүүлж, эрх мэдлээ хэтрүүлсэн Францын Засгийн газар огцров
Францын парламент арваннэгдүгээр сарын 12-ны татварын бодлогодоо нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн Засгийн газрын төсвийн төслийг няцаажээ. Өндөр орлоготой иргэд, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний татвар ногдуулах нь сөрөг үр дагавартай бөгөөд татварын нийт суурийг нэмэгдүүлэхэд анхаарах нь орлогыг өсгөхөд илүү үр дүнтэй гэж шүүмжилсэн. Францын Ерөнхий сайд Барниер төсвийн хэмнэлтээ зөвтгөж, зардлыг 40 тэрбум еврогоор (42 тэрбум доллар) бууруулж, татварыг 20 тэрбум еврогоор нэмэгдүүлсэн нь намуудын хуваагдлыг улам гүнзгийрүүлж, доод танхим дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлснээс гадна улс төрийн сөргөлдөөнийг өдөөсөн гэж үзэж болно.
Ерөнхий сайдыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, олонхын дэмжээгүй төсвийг парламентын эцсийн санал хураалтгүйгээр баталсан хэмээн буруутгасан байна. Үүний дараа Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалтад парламентын 577 гишүүнээс 331 нь санаа өгснөөр Францын Засгийн газрыг огцруулах санал дэмжигдсэн юм. Гуравхан сарын өмнө томилогдсон Ерөнхий сайд ийнхүү суудлаа тавьж өгөх болсон ба түүний удирдсан Засгийн газар ч мөн адил огцорч байгаа юм. Франц улсын хувьд 2024 оны төгсгөлийг Ерөнхий сайдгүй, тодорхой шийдсэн төсөвгүй угтах магадлалтай байна.
Нотр Европ судалгааны төвийн судлаач Андреас Эйсл хэлэхдээ “Франц улс өрийн тогтвортой байдлын хувьд төсвийн бодит хямралд өртөөгүй ч улс төрийн хямрал үргэлжилбэл нөхцөл байдал хүндрэлтэй болж магадгүй юм" гэжээ.
Арванхоёрдугаар сарын 5-ы өдөр Францын Ерөнхий сайд Мишель Барниер суудлаасаа огцорсон бөгөөд ерөнхийлөгч Эммануэл Макрон шинэ ерөнхий сайдаа хайж байгаа билээ.
БНСУ-д өрнөж буй төсвийн маргаан
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын тэргүүлдэг Ардын хүч нам, парламентын олонх Ардчилсан намтай ирэх 2025 оны улсын төсвийн талаар санал зөрөлдсөний улмаас БНСУ ч төсвийн асуудалтай нүүр тулгараад байгаа билээ. Солонгосын Засгийн газрын 2025 оны төсвийн төсөл 677.4 их наяд вон буюу 473 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх оныхоос 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм. 2025 оны төсвийн гол зорилго нь төсвийн тэнцлийг сайжруулах, өрийг бууруулахад чиглэж байгаа юм байна.
2025 оны төсвийн төсөлд Засгийн газар ард иргэдийн амьжиргаа, эдийн засагтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх талаар ямар ч хүчин чармайлт гаргаагүй гэж үзэж байгаа аж. Гэсэн хэдий ч үндэсний өрийн хэмжээ 1000 их наяд вон давж, хойч үеийнхний нуруун дээрх ачааг үлэмж хэмжээгээр нэмж байгаа нь үндэсний санхүүгийн байдлыг ч хүндрүүлж байна.
Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан нам ирэх оны Засгийн газрын төсвийг дангаараа ойролцоогоор 4.1 их наяд воноор (2.94 тэрбум доллар) бууруулж, энэ шинэчилсэн төсвийг арванхоёрдугаар сарын 2-нд Үндэсний Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Тус намын зүгээс Ерөнхийлөгчийн тамгын газар, прокурор, цагдаагийн байгууллагын зорилтот санхүүжилтийг ийнхүү танаж байгаа аж. Энэхүү төсвийн үл ойлголцол нь парламентыг гацаанд оруулсан бөгөөд Засгийн газрын төсвийн төслийг оны эцэс гэхэд батлахгүй бол ирэх нэгдүгээр сараас эхлэн төсвийн түр тогтолцоог ашиглах ёстой болох юм.
(Нийт орлого) Засгийн газрын нийт орлого 651.8 их наяд вон (39.6 их наяд воноор өсөх) байх төлөвтэй байгаа нь 2024 оны төсөвтэй харьцуулахад 6.5 хувиар өссөн нь энэ оны аж ахуйн нэгжийн өндөр гүйцэтгэл, дотоод болон олон улсын нөхцөл байдал аажмаар сэргэсэнтэй холбоотой бөгөөд энэ нь ирэх жил ч мөн адил үргэлжилсээр байхаар байна.
(Нийт зарлага) 2025 оны Засгийн газрын нийт зарлагыг орлогын нөхцөл, зарцуулалтын хэрэгцээг харгалзан 677.4 их наяд вон (20.8 их наяд воноор өссөн) байхаар тогтоосон нь өмнөх оныхоос 3.2 хувиар өссөн байна.
 БНСУ-ын 2025 оны төсөв, салбаруудаар
 Эрүүл мэнд, ажил эрхлэлт, нийгмийн хангамжийн салбар - 249 их наяд вон
  1. Төрийн захиргаа, орон нутгийн засаг захиргаа - 111.3 их наяд вон
  2. Боловсролын салбар - 98.5 их наяд вон
  3. Үндэсний батлан хамгаалах салбар - 61.6 их наяд вон
2025 оны төсвийн төслийн зорилго нь ард түмний амьжиргааны тогтвортой байдал, эдийн засгийг чадавхжуулах замаар ажилчин болон дундаж давхаргад төвлөрсөн эрин үеийг бий болгохоор зорьж байгаа аж. Энэ нь үндсэндээ үндэсний санхүүг олон нийтийн нэн тэргүүний асуудалд оруулах, Солонгосын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн бүтцийн шинэчлэл хийх, төсвийн шинэлэг менежментээр дамжуулан төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа юм байна.
Засгийн газраас “Төсвийг танах нь Засгийн газрын гадаад сорилтод хариу үйлдэл үзүүлэхэд саад болж, жижиг бизнесүүд болон эмзэг бүлгийнхэнд чиглэсэн бодлогын арга хэмжээг хойшлуулна” гэж мэдэгджээ. Мөн Ардчилсан намын дарга Ли Жэ Мён “Хуулийн төслийг хурдан батлах нь өнөөгийн таагүй байдал, хямралыг шийдвэрлэхэд тусална" гэж хэлсэн юм.
 Монгол Улс алдагдалгүй төсвийн төсөл өргөн барив 
Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьж, парламент 60 гаруй хоног хэлэлцээд 2025 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр баталсан байдаг. Харин 2025 төсөв батлагдахаас хэдхэн хоногийн өмнө парламентын зарим гишүүн төсвийн зардлыг хэт өндөр байгаа талаар хүчтэй мэдэгдлүүд хийж, зардлаа 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг тавьсан. Гэсэн хэдий ч уг шаардлагыг  Засгийн газар, УИХ үл харгалзан өмнөх оны төсвөөс 30-40 хувийн өндөр зардалтай, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан. Төсөв батлагдсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, 2025 оны төсвөө дахин хэлэлцэхээр болсон билээ. Хоригийг хэлэлцэх дэг дээр нэлээд цаг авч, өнгөрсөн долоо хоногоос Засгийн газар Ерөнхийлөгчийн хоригт үндэслэн 2025 оны төсвийн төслийг дахин өргөн барьж, парламент хэлэлцэж байна. Энэ долоо хоногт Монгол Улсын 2025 оны төсөв эцэслэн батлагдах хүлээлттэй байна. Засгийн газар зардлаа 2.4 их наяд төгрөгөөр буулгаж, алдагдалгүй төсөв өргөн барьж хэлэлцүүлж байгаа нь гол ахиц юм.
Гэхдээ Монгол Улсад улсын төсвийг буцаасан, хүчингүй болгосон, зардлаа хэт өндөр нэмэгдүүлсэн зэрэг маргаан дагуулсан асуудаллд өнөөдрийн байдлаар хэн ч хариуцлага хүлээгүй байна. 
Х.Бямбажаргал нь МУИС-ийн Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн