Энэ жил түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн дулаан жил болж байгаа бөгөөд ер бусын өндөр температур нь 2025 оны эхний хэдэн сард үргэлжлэх төлөвтэй байна гэж Европын холбооны эрдэмтэд даваа гарагт мэдэгдэв.
ЕХ-ны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны уг мэдээлэл нь НҮБ-ын цаг уурын асуудлаарх хэлэлцээрээс хойш хоёр долоо хоногийн дараа ирсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн албаны нэгдүгээр сараас 11-р сар хүртэлх мэдээллээр 2024 он түүхэн дэх хамгийн халуун жил болох нь тодорхой байгаа бөгөөд дэлхийн дундаж температур 1850-1900 оны аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр давсан анхны жил болохыг баталжээ.
Өмнөх хамгийн халуун жил нь 2023 он байсан билээ. 2024 онд дэлхий даяар эрс тэс цаг агаар бий болж, Итали, Өмнөд Америкт хүчтэй ган гачиг тохиолдож, Балба, Судан, Европт үхлийн аюултай үер болсноос гадна Мексик, Мали, Саудын Араб зэрэг улсад их хэмжээгээр халж, АНУ, Филиппинд гамшигт циклон тохиолдсон зэргээс үүдэн олон мянган хүний амь үрэгдээд байгаа юм.
Шаталтаас үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болдог. Олон орны засгийн газруудын амласан шиг утааг тэг болгон бууруулах нь дэлхийн дулаарлыг улам дордуулахаас сэргийлж чадах нэгэн үйл хэрэг юм. Гэсэн хэдий ч эдгээр амлалтуудыг үл харгалзан дэлхийн CO2 ялгаруулалт энэ жил түүхэн дээд хэмжээндээ хүрэхээр байна.
Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд 2.26 цельсээр нэмэгдсэн нь манай улсыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын нэг болгож байгаа юм. Энэхүү нэмэгдэж байгаа температур нь эдийн засгийн гол түлхүүр болох хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйд ноцтой нөлөө үзүүлсээр байгаа нь чухалчилж анхаарах шаардлагатай асуудал болсныг тодоор харуулж байна.