Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Т.Доржханд: Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд 500 саяас 1.5 тэрбумын төсөв тавьсан

Т.Доржханд: Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд 500 саяас 1.5 тэрбумын төсөв тавьсан
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 10
Эрчим хүчний үндэсний хорооны дарга, Шадар сайд Т.Доржханд Эрчим хүчний үндэсний хорооны төсөвт хэвлэл мэдээллийн зардалд 500 саяас 1.5 тэрбум төгрөгийн төсөв тавьсан болон 8.1 тэрбумаар судалгаа, ТЭЗҮ, гаднын зөвлөх үйлчилгээ авах талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Дөрвөн 7 хоногийн өмнө БНХАУ-ын Засгийн газартай эрчим хүчний төслүүдтэй хамтран ажиллах ойлголцолд хүрсэн. Үүний үр дүнд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлсэн. 1960 оноос эхэлсэн ажил олон жилийн дараа шийдвэрлэгдээд явж байна. Томоохон төслүүд хөдлөх суурь нөхцөл хангагдлаа. Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна. “Танай зээлжих зэрэглэл өсөж, эдийн засаг, улс төр тогтвортой байна. Тиймээс олон улсын стандартын дагуу хамтын ажиллагаагаа явуулъя” гэсэн санал тавьж байгаа. Монгол Улс эрчим хүчний салбараасаа орлого олдог, цаашилбал уул уурхайн салбартай өрсөлдөх хэмжээний дараагийн салбарыг бий болгох итгэл үнэмшилтэйгээр хамтарсан Засгийн газар ажиллаж байна. Энэ ажлынхаа ард бид гарна. Харин энэ хугацаанд зөрүүтэй мэдээллүүд явж байна. Эрчим хүчний шинэчлэл хийж байгаа үндэсний хороогоо татан буулга гэсэн мэдээлэл явж байгаа учраас тайлбар хийж байна.
Төрийн банкийг Ногоон хөгжлийн банк болгоно
Эрчим хүчний шилжилтийн эхлэл маш сайн тавигдсан. Цаашдаа энэ ажил үргэлжилнэ. Энэ ажил хийгдэж байж Засгийн газрын зарласан 14 мега төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Ирэх жилийн төсөвт бид Төрийн банкийг Ногоон хөгжлийн банк болгож байгаа. Ногоон хөгжлийн банкны зорилго нь ногоон эдийн засгийн санхүүжилтүүдийг гаргана. Үүгээрээ бид маш том шилжилтүүдийг хийнэ. Олон улсад энэ шилжилт 3-5 жилийн хугацаанд хийгддэг ажил. 34 жил хийгээгүй ажлыг бид хийхээр зорьж байна.
Эрчим хүчний шилжилт бол амаргүй ажил. Дэлхийн аль ч улс ойлголцлоо нэгтгэхгүй бол эсэргүүцэлтэй тулгараад байдаг. Тийм ч болохоор бид утаатай, цахилгаангүй явж байна. Тиймээс иргэдийнхээ ойлголтыг нэг талд нь гаргах, зөв ойлголт, зөв мэдээлэл өгөх нь чухал. Энэ агуулгаараа бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтраад ажиллах нь зүйтэй гэсэн саналыг анх өгч байсан нь үнэн. Мэдээллийн зөрүүтэй ойлголт бий болсон байна. Цаашдаа хорооны гишүүддээ мэдээллээ тодорхой өгөөд явах нь зөв юм байна.
Эрчим хүчний үндэсний хорооны Ажлын албаны дарга Л.Жамбаа: Манай үндэсний хорооны төсөвт хэвлэл мэдээлэлд зориулсан найман тэрбум төгрөгийн төсөв байсан. Энэ бол Сангийн яаманд зардлаа шинэчилж өгөөгүй төсөв. Найман тэрбум төгрөгт ямар үйл ажиллагаа явуулах задаргааг танилцуулъя.
-Олон улсын зөвлөх үйлчилгээ авах, эрчим хүчний зах зээлийн судалгаа хийх
-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах. Бидний тооцооллоор 2027 оны сүүл гэхэд эрчим хүчний 3-4 компанийг олон нийтийн болгоно
-Эрчим хүчний шилжилт буюу ногоон эрчим хүчний бодлогыг тодорхойлох
-Эрчим хүчний экспортын бодлого стратегиа боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах
-Улаанбаатар хотын 300 мянган айлыг дулааны тоолуур суурилуулах ажлыг эхлүүлэх эдгээр ажилд 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хэвлэлийн зардалд 500 сая төгрөг тусгасан.
Дашрамд дурдахад, Эрчим хүчний үндэсний хороо 10 ажилтантай бөгөөд байраа түрээслэж ажиллаж байгаа аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн