Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхээр хамгийн тулгамдсан асуудал агаарын бохирдол болоод байна. Тэгвэл монгол инженер утаагүй зуух бүтээгээд дэлхийн болон олон улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм байна.
-Таныг утаагүй зуух бүтээсэн гэж сонсоод бүгд л гайхаж, сонирхож байх шиг байна. Утаа өнөөдөр монголчуудын хамгийн тулгамдсан аюул болоод байгаа учраас таны технологийг сонирхон ярилцлага авахаар зорьсон юм ?
-Монголчууд утаагүй зуух гэдгийг бүр мэддэггүй байлаа. Утаагаа шатаадаг зуух байдаг юм байна гэдэг ойлголтыг одоо л авч байх шиг байна. Би энэ технологийг анх зохион бүтээгээд өөрийн эх орондоо нэвтрүүлэх гэж зүтгээд 10 гаран жил боллоо. “Нүүдэлчин эко” зуух маань утаагаа давхар шатаадаг буюу давхар шаталттай зуух юм.
Маш энгийнээр хэлэхэд гал түлээд утаа нь дээшээ явахаар яндан руу шууд явуулалгүй дунд нь хоёрдохь дамжлагаар агаар өгч дахин шатаадаг гээд ерөнхийд нь ойлгочиход болно. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу байгуулагдсан үйлдвэрүүдэд хийгдэж байгаа сайжруулсан түлш болон ER-ийн угаасан нүүрс дахин шатааж утаагүй болгож болж байгаа нь маш олон удаагийн туршилтаар батлагдсан. Монголын оюуны өмчийн байгууллага, Стандарт хэмжил зүй, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэн гээд албан ёсны мэргэжлийн бүхий л байгууллагуудад бүртгүүлэн шалгууруудыг нь даваад сертификат юмнуудыг нь авсан байгаа. Эдгээр байгууллагууд азотын давхар ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг нь манай төрийн байгууллагууд 9800 мг\нм3 байж болно гэж үздэг байхад манай зуух 3169 мг\нм3 байна гэж тогтоосон. Эндээс л ямар үзүүлэлттэй гэдэг нь харагдаж байгаа биз.