Говийн их дархан цаазат газрын А бүсэд хамаарах Нарансэвстэйн боомтыг тойрсон асуудал нэлээд шуугиан тариад байна. Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар Нарансэвстэйн боомтыг нээхдээ дархан цаазат газрыг тойруулж, зам тавина хэмээн мэдээлж буй. Харин эрдэмтэн, судлаач болон нутгийн зөвлөлийн гишүүд Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй гэсэн нэгдмэл байр суурьтай байна. Иймд Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй 10 шалтгааныг МУИС-ийн багш, доктор Д.Өсөхжаргалын тайлбарласнаар онцлон хүргэж байна.
Хууль дээдэлдэг улсад бол Нарансэвстэйн боомтыг нээх нь хууль зөрчсөн үү, үгүй юү гээд зогсох асуудал. Учир нь Нарансэвстэйн боомтыг нээх нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль гээд олон хуулийг илтэд зөрчиж байгаа. Үндсэн хуульдаа хууль дээдлэх зарчмыг баримтална гэж заасан мөртлөө хуулийнхаа эсрэг бодлого, заалтыг УИХ гишүүн хэрэгжүүлэх гэж оролдож болохгүй. Энэ нь цаашдаа жишиг болж болохгүй.
Дэлхийн өмнө хүлээсэн хариуцлага
Байгаль орчноо хамгаалах хамгийн шилдэг арга бол тусгай хамгаалалттай газар нутагт оруулах гэж дэлхий дахинд үздэг. 1850 оноос эх дэлхийгээ үр хойчдоо өвлүүлэн үлдээж, ариг гамтай ашиглах талаар арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Үүний нэг нь тусгай хамгаалалттай газрыг бий болгосон явдал байсан. Наравсэвстэйн боомтыг нээвэл бидний нэгдэн орсон олон тооны конвенцуудыг зөрчиж, хариуцлагаасаа ухарч буй алхам болно. Тодруулбал, Биологийн олон янз байдлын конвенц, Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц, уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Цөлжилтөд нэрвэгдэж буй орнуудын конвенц зэргийг зөрчиж байгаа. Бидний нэгдэн орсон конвенциудаас шалтгаалж Нарансэвстэйн боомттой холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчид хаягласан захидлууд олон улсын байгууллагуудаас ирээд эхэлсэн.