Open iToim app
Ярилцлага | 8 мин уншина

Б.Батбаяр: Монголын Мянганы сорилтын сангийн бүх үйл ажиллагааны тоглоомын дүрэм тодорхой, ойлгомжтой учир авлигаас ангид байдаг

Б.Батбаяр: Монголын Мянганы сорилтын сангийн бүх үйл ажиллагааны тоглоомын дүрэм тодорхой, ойлгомжтой учир авлигаас ангид байдаг
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 9
Өнөөдөр Авлигатай тэмцэх олон улсын өдөр. АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Усны Компакт буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр авлигаас ангид үйл ажиллагаа явуулах чиглэлд хэрхэн ажилладаг талаар Монголын Мянганы сорилтын сангийн Дотоод аудитын захирал, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяртай ярилцлаа.
-Өнөөдөр Авлигатай тэмцэх олон улсын өдөр. Танай байгууллага авлигаас ангид байх, тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ. Өнгөрсөн хугацаанд танай байгууллагаас авлига, залиланд холбогдсон тохиолдол гарсан уу?
-Монголын Мянганы сорилтын сан (МСС) нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 297 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн өмчит үйлдвэрийн газар”. Гол чиг үүрэг нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх томоохон цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулах юм. Манай байгууллага анхнаасаа авлигыг үл тэвчих, ил тод, ёс зүйтэй, хариуцлагатай байх соёлыг хэвшүүлэхийг зорьж ажилласан. 2020 оны 1 дүгээр сард Байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө гаргаж, эрсдэлийн бүртгэл хөтөлж эхэлсэн бөгөөд түүнийгээ тогтмол шинэчилж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч ажилладаг. Мөн АНУ-ын МСК-тай хамтран Залилан, авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Бид ажилтнууддаа байгууллагын соёл, бэлгийн дарамт, авлига, залилангийн эсрэг сургалтуудыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж аливаа зүй бус, авлигын шинжтэй үйлдэл ажиглагдвал нэн даруй мэдээлэх утас, хаяг бүхий хуудас ажлын байранд энд тэндгүй наалттай байгаа. Бид зөвхөн байгууллагынхаа хүрээнд төдийгүй гэрээт компаниуддаа мөн адил ийм шаардлага тавьж, биелэлтэд нь хяналт тавьж, сар тутам тайланг нь авдаг. Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд олон улсын “Birches Group” мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Ингэхдээ гүйцэтгэлийн үнэлгээний 360 градусын аргыг хэрэглэж байна.
Мөн олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гадаадын 3 компани бидний ажилд өдөр тутам мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Тухайлбал, Монголын МСС-ийн санхүүгийн төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэл, тайлагналыг хариуцсан Санхүүгийн агентаар АНУ-ын “DT Global” компани, худалдан авах ажиллагааны агентаар ИБУИНХУ-ын “Charles Kendall and Partners” компани, хөтөлбөрийн менежментийн зөвлөх бөгөөд FIDIC инженерээр АНУ-ын “Tetra Tech” компани ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагад авлига, залилангийн шинжтэй ямар нэгэн зөрчил илрээгүй.
undefined
-Авлигад өртөх эрсдэлтэй чиг үүрэгт худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлбөр тооцоо хамаардаг гэж үздэг. Танай байгууллагын хувьд эдгээр чиг үүрэг хэр эрсдэлтэй вэ?
-Манай байгууллагын үндсэн ажил бол бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх аж ахуйн нэгж, зөвлөхүүдийг ил тод, нээлттэй байдлаар оновчтой, зөв сонгон шалгаруулж авах болон тэдэнтэй гэрээ байгуулж, биелэлтийг нь хянаж, үр дүнг нь хүлээн авч, төлбөр тооцоо хийх явдал юм.
Худалдан авах ажиллагааны дүрэм журам АНУ-ын МСК-ын шаардлага, олон улсын шилдэг практикт бүрэн нийцсэн. Тендерийн жишиг баримт бичиг боловсруулах, тендерийн санал хүлээн авах, техникийн болон санхүүгийн саналыг үнэлэх үнэлгээний хороо байгуулах, шалгаруулах ажлыг Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны баг, Английн “Charles Kendal” компанитай хамтран хийдэг. Худалдан авах ажиллагааны үе шат бүрт АНУ-ын МСК-т танилцуулж, зөвшөөрөл авдаг. Энд авлига, залилан гарах ямар ч бололцоо байхгүй.
Гэрээний удирдлага, менежмент үр нөлөөтэй хэрэгжиж байгаа. Гэрээт компаниудтай долоо хоног бүр тогтмол уулзалт хийж, ажлын явцтай танилцахаас гадна гүйцэтгэлийн тайланг, сар, улирал тутам авч хянадаг. Энэ ажилд манай төслийн болон холбогдох бусад багуудаас гадна хөтөлбөрийн удирдлагын зөвлөх бөгөөд FIDIC инженер АНУ-ын “Tetra Tech” компани байнгын хяналт тавьдаг.
Санхүүгийн төлбөр тооцоог Монголын МСС-ийн Санхүүгийн баг, АНУ-ын “DT Global” компанитай хамтран SAP системээр хийдэг бөгөөд АНУ-ын МСК тогтмол хянаж, жил бүр “Далайван Аудит” компани хөндлөнгийн аудит хийж Удирдах зөвлөлд тайлагнадаг. Баримт бичгийн бүрдэл дутуу, хяналтгүй гүйлгээ, төлбөр хийгдэх ямар ч бололцоо байхгүй.
-Аудитортой ярилцаж байгаа учраас дотоод хяналтын талаар асуух ёстой байх. Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн хараат бус, хөндлөнгийн аудитуудаар дүгнэлт гаргуулж хяналт тавьдаг. Харин танай байгууллага дотоод аудитын албатай нь анхаарал татаж байна. Танай байгууллагын дотоод хяналт хэр үр нөлөөтэй ажиллаж байна вэ?
-Дотоод хяналт хангалттай хэрэгжиж байгаа. Энэ нь нэгдүгээрт, үйл ажиллагааны дүрэм журам буюу тоглоомын дүрэм, хүмүүсийн ажил үүргийн хуваарь, хяналт, тайлагналын тогтолцоо тодорхой, ойлгомжтой байгаатай холбоотой. Хоёрдугаарт, давхар давхар хяналт ажиллаж байна. Бид өөрсдөө мэдэж нэг ч хүнийг ажилд авч, нэг ч компанийг сонгон шалгаруулж, нэг ч гүйлгээг хийж чадахгүй. Олон улсын мэргэжлийн компаниуд болох санхүүгийн болон худалдан авах ажиллагааны агентууд хянана. Гуравдугаарт, АНУ-ын МСК бас хянаж зөвшөөрөл олгоно. Дөрөвдүгээрт, Удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргадаг. Хөндлөнгийн аудитор жил бүр хянана. Мөн АНУ-ын USAID байгууллагын Ерөнхий хянан шалгагчийн алба хоёр ч удаа аудит хийгээд байна.
Манай дотоод аудитын багийн хувьд хоёр хүнтэй, цомхон баг. Бид холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, шаардлагуудын биелэлт, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад аудит, судалгаа хийж, эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явцын үр нөлөөг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөн, байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулж, зорилтуудаа биелүүлэхэд туслах зорилттой ажилладаг.
Бид өнгөрсөн хугацаанд байгууллагын үндсэн үйл ажиллагааг зохицуулдаг гол гол дүрэм журмууд болох Худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлбөр тооцоо, тайлан бүртгэл, гэрээний удирдлага, менежмент, төсөл, хөтөлбөрийн удирдлага, эрсдэлийн болон нийцлийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, мониторинг, үнэлгээ, эд хөрөнгийн бүртгэл, архив, бичиг хэргийн хөтлөлт, хадгалалт, хамгаалалт, олон нийттэй харилцах стратеги, байгаль орчин, нийгэм, жендэрийн талаарх дүрэм журам, шаардлагуудын хэрэгжилтэд Дотоод аудитын олон улсын стандартын дагуу аудит, судалгаа хийж, эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, хэрэгжилтийг сайжруулах зөвлөмжүүд өгч, биелэлтийг нь хянан, Удирдах зөвлөлд тайлагнаж ирсэн.
-Тоглоомын дүрэм тодорхой гэж Та хэллээ. Үүнийгээ тодруулна уу?
-Аливаа байгууллагын хувьд үйл ажиллагааны дүрэм журам их чухал. Тоглоомын дүрэм тодорхой, ойлгомжтой байх ёстой. Манай байгууллагын үйл ажиллагааны дүрэм журмууд маш сайн боловсрогдсон гэж үздэг. Боловсон хүчнийг сонгон шалгаруулах, хөдөлмөрийн харилцаа, ёс зүйг зохицуулах, ажлын гүйцэтгэлийг нь үнэлж дүгнэхээс эхлүүлээд худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлбөр тооцоо, тайлан бүртгэл, аудит, гэрээний удирдлага, менежмент, байгаль орчин, нийгэм, жендэрийн тэгш байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, олон нийттэй харилцах, эрсдэлийн удирдлага гээд шаардлагатай бүх л чиглэлээр баримтлах дүрэм журам, стандарт тодорхой болсон. АНУ-ын МСК-аас дэлхий дахинд жигд мөрдүүлж, туршигдсан үлгэрчилсэн журмуудыг өөрийн орныхоо нөхцөлд тохируулан авч хэрэглэсэн учраас манай дүрэм журмууд сайн боловсрогдсон гэж итгэлтэй хэлж байна. Хүмүүс нь монголчууд боловч дүрэм журмын хувьд Америкийн байгууллага шиг л ажилладаг.
Өнөөдөр манай байгууллага үйл ажиллагаандаа Монгол Улсын 27 хууль, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан 9 дүрэм, журам; АНУ-ын МСК-тай байгуулсан 2 гэрээ, МСК-аас гаргасан 8 бодлого, 38 заавар, ОУСК-ын 8 стандарт; Монголын МСС-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын баталсан 21 дүрэм, журам; Монголын МСС-аас гүйцэтгэгчидтэй байгуулсан 72 гэрээг мөрдөж байна (Нийт 209 гэрээ байгуулснаас 137 нь хэрэгжиж дууссан). Эдгээр хууль тогтоомж, стандарт, гэрээний ямар ямар үүрэг, шаардлагуудыг хэн хэрхэн хангаж, хэзээ, ямар хугацаанд, хэнд тайлагнах нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, нийцлийн удирдлага хэрэгжиж байгаа.
-Монголын Мянганы сорилтын сан нэлээн өндөр санхүүжилттэй томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж байгаа талаар зарим уншигч мэдээлэлтэй байгаа байх. АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан энэхүү хөрөнгө оруулалтын онцлогийн талаар товч танилцуулахгүй юу?
-Компакт гэрээний дагуу АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийг Биокомбинат, Шувуун фабрик орчимд бий болгож, холбогдох дэд бүтэц, усан сан болон ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх  үйлдвэрийн хамт байгуулахаас гадна шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал уснаас дахин боловсруулж, гурав болон дөрөвдүгээр ДЦС-д нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах юм. Энэхүү том хэмжээний хоёр хатуу дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрэгцээ Усны салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөц, институцийн чадавхыг бэхжүүлж ус хангамжийн салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зөөлөн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж байгаа.  Үндсэндээ Усны салбарт хэрэгжиж байгаа цогц хөтөлбөр гэж ойлгож болно. Компакт хөтөлбөрийн онцлог нь 5 жилд амжиж төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр бид  2026 оны 3 дугаар сарын 31-нд хэрэгжүүлж дуусгана гэсэн үг. Энд бусад төсөл хөтөлбөр, үйл ажиллагаатай адил хугацаа сунгана гэсэн ойлголт огт байхгүй. Тиймээс Монголын Мянганы сорилтын сан цаг хугацаатай өрсөн ажиллаж байгаа.
undefined
Мянганы Сорилтын Корпорацын хөрөнгө оруулалт нь Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр буцалтгүй тусламж үзүүлдэгээрээ онцлог бөгөөд маш хариуцлагатай зарцуулах давхар үүргийг оногдуулдаг. Ер нь МСК гурван төрлийн буцалтгүй тусламжийг хөгжиж буй орнуудад үзүүлдэг. Үүнд:
  • Компакт (Compacts) - МСК-ын шалгуурыг хангаж сонгогдсон улсуудад зориулсан 5 жилийн том хэмжээний буцалтгүй тусламж;
  • Бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт (Concurrent Compacts for Regional Investments) - хил дамнасан эдийн засгийн интеграцийг дэмжих, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх буцалтгүй тусламж;
  • Босго хөтөлбөрүүд (Threshold Programs) - МСК-ын шалгуурыг давахад ойртсон, бодлогын гүйцэтгэлээ сайжруулахын төлөө тууштай байгаагаа харуулж сонгогдсон улс орнуудын бодлого, институцийн шинэчлэлд чиглэсэн жижиг хэмжээний буцалтгүй тусламж.
Манай улс хоёр дахь удаагаа буцалтгүй тусламж авч Компакт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа цөөхөн улсын нэг юм.
-Усны Компактын гурван төслийг хэрэгжүүлэх хүний нөөц хангалттай бүрдсэн үү?
-Монголын МСС-д өндөр мэдлэг боловсрол, туршлагатай, салбар салбарын инженер, шилдэг менежер, мэргэжилтнүүд ажиллаж байна. Манай хамт олон Монголын МСС гэдэг байгууллага яах гэж байгуулагдсан, бид юуны төлөө ажиллаж байгаа гэдгээ сайн ойлгоцгоосон, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, усыг ариг гамтай, зохистой ашиглуулах замаар хотынхоо хөгжил, нийслэлчүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, цаашилбал Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах үйлсэд зүтгэж байгаа гэдгээ бүрэн дүүрэн ухамсарлаж ажилладаг хүмүүс. Үүний зэрэгцээ  Усны Компактын бүх үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй, нийгэм жендэрийн мэдрэмжтэй гэдгээрээ онцлог. Ажилтнуудаа нээлттэй сонгон шалгаруулж авдаг. Шинэ ажилтнуудаа ажилд нь аль болох түргэн суралцуулах зорилгоор удиртгал хичээл зохион байгуулж, байгууллагын дотоод дүрэм журмаа танилцуулж, Бэлгийн дарамтын эсрэг бодлого, Ёс зүйн дүрэм, Нууцлал бүхий мэдээллийн журмыг биелүүлэх баталгаа, Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт гарын үсэг зуруулж, жил бүр шинэчлэн баталгаажуулдаг. Гүйцэтгэх удирдлагын хувьд манай байгууллагын засаглалын бүтэц, үйл явц сайн засаглалын зарчим шаардлагад нийцсэн, товчоор хэлбэл, хэн ямар түвшинд ямар шийдвэр гаргах, юуг хариуцах, хэнд тайлагнах нь тодорхой гэж үздэг. Монголын МСС-ийн Удирдах зөвлөл төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн бөгөөд улирал тутам хуралдаж, байгууллагын үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг. Гүйцэтгэх захирал болон 3 төслийн захирал, бусад захирлуудаас бүрдсэн Гүйцэтгэх удирдлагын баг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг. Мөн АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын Монгол дахь Суурин төлөөлөгч, түүний ажлын алба бидний ажилд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн