ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын алаг, цог дэгдэлтийн үед буюу дунд түвшинд байна. Дундаас доод түвшинд долоон аймаг байгаа. Улаанбаатар хот болон 12 аймагт өндөр түвшинд байна. Амбулаторид суурилсан тандалтаас харахад 277 мянган үзлэг хийгдсэнээс 7.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үеийн долоо хоногоос 2.1 хувиар өссөн байгаа. Эмнэлэгт суурилсан тандалтаас харахад 9643 хүн хэвтэж эмчлүүлж байгаагаас 32 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаант хүмүүс эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 47.1 хувь, амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсдийн 71.9 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Харин нийслэлд нийт өвчлөгсдийн 85 хувь 15-аас доош насны хүүхдүүд байна. Ковид, томуу, амьсгалын замын синцитиал вирус голлож байна. Цаашдаа томуугийн оргил үе ирж байгаа учир нэмэгдэх хандлагатай байна.
Мөн томуу, томуу төст өвчний идэвхжил өндөртэй байгаа энэ үед ЕБС болон цэцэрлэгүүдийг шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриаллаа.
ЭХЭМҮТ-ийн амьсгалын замын эмгэг судлалын эмч н.Болортуяа: Гэрээр хэрхэн хүүхдээ асарч, сувилах талаар зөвлөмж мэдээллийг хүргэхийг зорьж байна. Томуу, томуу төст өвчний халдвар авсан хүүхдэд илрэх нийтлэг шинж тэмдэг нь халуурах, нусгайрах, хамар битүүрэх,толгой өвдөх, жихүүдэс хүрэх, үе мөчөөр шархирч өвдөх, бие тавгүй болох, ядарч сульдах зэрэг юм. Томуу болон томуу төст өвчнөөр хүүхэд өвдөөд халдварын эхний хоногоос 3-4 хоногт халдвар дамжуулах буюу дараагийн хүнийг өвчлүүлэх хамгийн эрсдэлтэй байдаг. Иймээс энэ хугацаанд хүүхэд хичээл сургуульд явахгүйгээр гэртээ эм уугаад ажиглах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин хүйтэн, сэрүүн, хуурай орчинд илүү их үржих чадвартай байдаг. Тиймээс манай улсад аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлт явдаг. Томуу төст вирус нь өөрийн гэсэн нууц хугацаатай байдаг. Тодруулбал, вирусийн халдвар аваад шалтгаан тодорхойгүйгээр халуурч болно гэж үздэг. Эмнэлэгт халдварын цочмог үеийг даваад л гаргаж байгаа учраас гэрийн асаргаа, сувилгаа хамгийн чухал.
Иймд хүүхдийг дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Нийгмийн харилцаанд орж байгаа бол амны хаалт маш сайн зүүх, гэртээ орохдоо ам, хамраа зайлах, гараа угаах хэрэгтэй байна. Мөн өвдсөн хүүхдийг ердийн уудаг хэмжээнээс нь 2-3 дахин их шингэн зүйл уулгах хэрэгтэй. Шингэн зүйл уулгаж байна гээд нэг доор ихээр балгуулаад байх биш бага багаар шимүүлж уулгах хэрэгтэй. Шингэн зүйлд буцалсан бүлээн ус, хярам, цай орно. Харин удаа, жүүс гээд чихэрлэг зүйлийг хориглох хэрэгтэйг зөвлөж байна. Хүүхдийг баяжуулсан, витаминлаг хоолоор хооллох хэрэгтэй. Түүнчлэн, хүүхдийг дулаан байлгах, нас насанд нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэж биеийг нь чийрэгжүүлэхийг зөвлөж байна. Мөн хүүхдээ 21.00-22.00 цагийн хооронд тогтмол цагт унтуулах нь чухал. Үүнд утас, зурагтын хэрэглээг хязгаарлах шаардлагатайг анхааруулж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд утас, зурагт их хэрэглэсэнтэй холбоотойгоор мэдрэл сульдлын гаралтай цээжний өвдөлтүүд их ирж байна. Мөн гэртээ агаар сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал байна.