President.mn-ээс "Хүнсний хувьсгал"-ын мэдээний зургийг ашиглав.
Юун түрүүнд, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс биш гэдгийг сануулъя. Энэ нийтлэлд гишүүнчлэлийн тухай биш, тус холбооны худалдааны хэлэлцээрийн тухай ярина.
Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах нь боломж уу эсвэл аюул уу
Евразийн эдийн засгийн холбоо буюу зүүн Европ, төв ба баруун Ази тивийн эдийн засгийн хамтын ажиллагааны тус байгууллага нь 2014 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоо ОХУ, Казахстан, Беларусь, Армени болон Киргизстан гэх хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улсын гишүүнчлэлээс бүрддэг. Тус холбоонд Монгол Улсыг элсүүлэх асуудал 2020 оноос яригдаж байсан ч манай улс өнөөдрийг хүртэл гишүүнээр элсээгүй яваа. Харин тус холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг 2023 оноос эхлүүлж, энэ онд эцэслэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Товчхондоо, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулснаар дээрх таван улстай хийх тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа харилцан татваргүй болно гэсэн үг. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулахаар зэхэж буй. Ялангуяа Орос, Монголын Засгийн газрын комиссын хуралдаанаар эл асуудал нэг бус удаа яригдаж, 2024 оны арванхоёрдугаар сарын 26-27-нд Москвад болох хуралдаанаар эцэслэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Монголын талын Засгийн газрын комиссын даргаар Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байгаа бөгөөд тэрээр Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг хариуцаж байгаа аж.
Хамгийн гол нь Монголын бизнес эрхлэгчид, худалдаачид Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр хийх асуудлыг мэдээгүй, саяхнаас “Энэ чинь юу болоод байна” гэж бүгд гайхацгаах. Өөрөөр хэлбэл, манай төрийнхөн Ервазийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг жилийн өмнө эхлүүлж, өнөөдрийг хүртэл бэлтгэл хангаж явахдаа бизнес эрхлэгчдээ бүрэн сонсоогүй, цаашлаад дотоодын дөнгөж хөл дээрээ босч яваа сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй тэр дундаа улаанбуудай, малын тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг татваргүй импортолно гэж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдийг шууд дампуурал руу түлхэж байгаатай адил зүйл гэж дотоодын үйлдвэрлэгчид шүүмжилж байна.
Харилцан 375 нэр төрлийн барааг татваргүй болно
Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээрт гарын үcэг зурж, УИХ-аар соёрхон баталбал, ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсаас 375 нэр төрлийн барааг Монгол Улс руу ямар ч татваргүй оруулж ирнэ. Зарим бараанд гарал үүслийн гэрчилгээ, өөр бусад баримтыг үл харгалзан шууд нийлүүлэхээр тохирч байгаа юм байна. Монгол Улсаас мөн эдгээр улс руу 375 нэр төрлийн барааг татваргүй экспортолно.
Манай улс дээрх улсуудаас дараах гурван секторт хамаарах нэр төрлийн барааг нийлүүлэхээр ярьж байгаа аж. Үүнд, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, бусад гэсэн ангилалд багтах 375 нэр төрлийн барааг экспортолно.
Харин дээрх таван улс Монгол Улс руу 13 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн–Гахайн мах, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, буурцагны тос, усан үзэмний шүүс, дарс гэх мэт
Эрдэс бүтээгдэхүүний дөрвөн төрөлд -Бусад төрлийн цемент, хуванцар, барилгын тэлэгч гэх мэт.
Аж үйлдвэрийн 41 төрлийн барааг татваргүй оруулж ирэхээр ярьж байгаа байна.
Монгол Улсаас экспортлох 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн үү?
Монгол Улс өнөөдрийн байдлаар Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг бол тухайн хэлэлцээрийг байгуулсан орнууд тодорхой нэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг татваргүй, аль аль нь харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг. Өнөөдрийг хүртэл Монгол Улсаас Япон улс руу хийх экспорт төдийлөн нэмэгдээгүй, харин импорт л асар их нэмэгджээ. Ялангуяа Японы автомашины импорт өссөн байдаг. Нөгөө талд манай аж ахуйн нэгжүүд Япон улсын гарал үүслийн стандарт, шалгуурыг давж чадахгүй суугаа нь бодит үнэн.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав “Намайг танхимын ерөнхийлөгч байхад Япон-Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэж байлаа. Өнөөдөр үр дүнг нь харвал 98:2 харьцаатай байна. Тухайн үед маш өргөн агуулгатай хийж байлаа. Монголын эрдэс түүхий эд, тэр дундаа төмрийн хүдэр, зэсийг дахин боловсруулж машины эд анги болгоод импортолно гэж байсан. Ний нуугүй хэлэхэд, Монголын үе үеийн эрх баригчид ажлаа хийгээгүйгээс ийм үр дүнтэй явна. Айлын тал гэрээгээр хүлээсэн харилцан 5000 бараа бүтээгдэхүүн татваргүй байх зарчмаа барьж яваа. Японоос автомашин татваргүй болсон бол Монголоос чацаргана, ноолуур л татваргүй гарч байна. Чөлөөт худалдааны гэрээний давуу талыг ашиглах бизнесийг дотооддоо бий болгох үүргээ манай улс өөрөө биелүүлээгүй.
Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээр дээр ч мөн адил сайтар бодох хэрэгтэй. Монголыг тойрсон хойд талын улсуудыг юугаар хангах юм. Манайд яг гаргах бараа бүтээгдэхүүн байна уу. Үйлдвэрлэлүүд нь бэлэн болсон уу. Эхлээд өөрсдөө сайтар судалж, ил тод мэдээлэхгүй бол сөрөг үр дагавар ихтэй.
Сүүлийн гучин жил монголчууд худалдаанаас дөнгөж л үйлдвэрлэгч болох гэж явна. Ямар байсан ундаа ус, сүү, талх, мах махан бүтээгдэхүүнээ хангадаг болчихлоо. Яг энэ үед ижил төрлийн барааг гаднаас татваргүй авдаг болбол бүгд дампуурна шүү. Тиймээс аль аль нь болгоомжтой хандах ёстой" гэлээ.
Хүнсний хувьсгал импортын хувьсгал болох уу
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэж, үндэсний аюулгүй байдлаа хангах зорилготой Хүнсний хувьсгал аяныг санаачлан орон даяар хэрэгжүүлж буй. Нийт 19 нэр төрлийн хүнс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйлдвэрлэл үйлчилгээг нь дэмжихээр болсон. Энэ хүрээнд 2023 онд 223.8 тэрбум, 2024 онд 216.8, тэрбум төгрөгийг зарцуулсан бол ирэх 2025 оны төсвийн төсөлд 196.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тавиад байна. Сүү, мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжиж буй. 2022-2026 хүртэл нийтдээ 1.7 их наяд төгрөгийн дэмжлэгээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээ мэдэгдсэн.
Тэгвэл Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээрийг байгуулбал хамгийн хямд өртөгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд Монгол Улс руу их хэмжээгээр орж ирнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал нь импортын хувьсгалд ялагдана. Дээр нь Хүнсний хувьсгалын хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлүүд үр ашиггүй, эргэн төлөгдөх чадваргүй болох бодит эрдэл үүснэ.
Өнгөрсөн хавар гурил, цементийн үнийг буулгах нэрийдлээр Оросоос авах гурилын татварыг тэглэж, импортын цементийг 5 хувь болгосны гороор дотоодын улаанбуудайн тариалалт 30-40 хувиар буурч, үндэсний үйлдвэрлэгчдээ боомилсон. Цементийн татварыг буулгасан ч үнэ буураагүй төдийгүй, чанарын баталгаагүй цемент ихээр орж ирснийг Барилгын яамнаас мэдээлсэн. Жилд нэг сая тонноос дээш хэмжээгээр цемент үйлдвэрлэх хүчин чадалтай таван үйлдвэр байгуулчихаад эргээд импортын цементэд найр тавьсан төрийн бодлого нь үндэсний үйлдвэрлэгчдээ татан унагасан гашуун жишээ болсон.
Хэрвээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээрийг байгуулбал ирэх оноос цемент, гурил, улаанбуудай, малын тэжээл, сүү, өндөг зэрэг гол нэрийн бараа бүтээгдэхүүн татваргүй орж ирнэ. Хэдий бараа бүтээгдэхүүний үнэ хямд байх нь чухал ч энэхүү хэлэлцээр нөгөө талд дайнтай улсын эдийн засгийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг "устгах" бодит эрсдэл дагуулна.