Open iToim app
Эрүүл мэнд | 3 мин уншина

Томуугийн 3-4 вирус илэрч, нянгууд үржиж хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж байна

Томуугийн 3-4 вирус илэрч, нянгууд үржиж хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж байна
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 7
Ханиад томууны шалтгаанаар эмнэлэгт хандсан хүмүүсийн дунд аденовирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа ба эмнэлэгт хандан эмчлүүлж байгаа хүмүүсийн 36.6 хувиас нь, амьсгалын замын синциталь томуугийн A H1N1 вирусийн идэвхжил долоон хувьд тархсан байдалтай байгаа аж. Харин нийт хүн амын дунд реновирусийн тархалт буурах хандлагатай байгаа юм байна.
Томуу, томуу төст өвчнөөр сургуулийн насны хүүхдүүд өвчлөх нь өндөр байгаа бөгөөд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв /ЭНЭҮТ/-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Цэгмэд нөхцөл байдал хүнд байгааг хэллээ.
Тэрээр “Таваас дээш насныхан маш хүнд хатгалгаатай орж ирж байна. Нэг талын уушги нь агаар дамжихгүй болсон, уушги устсан, зүрхний үнхэлцэг хальсанд шингэн үүссэн зэргээр хүндэрч эрчимт эмчилгээний тасгийг дүүргээд байна. Манайх хүүхдийн тусламж үйлчилгээнд 330 ортой ажилладаг бол өнөөдрийн нөхцөл байдалд 540 гаруй хүүхэдтэй байгаагийн дийлэнх нь амьсгалын замын цочмог хүнд халдвараар хэвтсэн. Энэ жилийн хувьд нэг хүүхдэд 3-4 вирус илэрч, гэмтсэн өөрчлөлт дээр хоёрдогчоор нянгууд үржиж хатгалгаа бий болгож байна" гэсэн юм.
Иймд ханиад томуунаас сэргийлэх болон ханиад хүрсэн тохиолдолд дараах зөвлөмжийг мэргэжилтнүүд хүргэж байна. Үүнд:

Мэргэжлийн эмчид хандах

Ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн бол эмчийн зөвлөмжийн дагуу эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн халдвар авсан бол нянгийн эсвэл вирусийн гаралтай болохыг түрүүлж мэдэх нь чухал. Антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэснээр дархлаа муудах аюултай байдаг. Хүүхэд тань ханиад хүрсэн бол хоёр, гурав хавсарсан вирусээр өвдөхөөс өмнө яаралтай эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.

Амны хаалт зүүх

ЭМЯ-наас өвлийн улиралд гадна болон дотоод орчинд амны хаалт зүүхгүй байх нь нэг талын амиа хорлолт шүү гэдгийг анхааруулсан. Иймд ханиад томуугаар өвчилсөн ч, өвчлөөгүй ч агаарын бохирдол ихтэй энэ үед өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах нэг арга бол амны хаалт зүүх юм.

Амин дэмтэй хоол, унд хэрэглэх

Халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг. Мөн төв мэдрэлийн тогтолцоог зөв ажиллахад тусалдаг. Хүний бие организм ядарч сульдсан үедээ халуун бүлээн шингэн зүйлийг нэхэж байдаг. Иймээс халуун аарц, сүүтэй цай, жимсний шүүс зэрэг халуун бүлээн юм сайн уугаарай. Мөн шимт бодисоор баялаг, витаминлаг, тэжээллэг хоолоор хооллох нь өвчтэй хүүхэд хурдан эдгэрэхэд тустай байдаг. Түүнчлэн, саримстай шөл, битүү шөл, банштай цай, гурилтай шөл, хуушуур зэрэг тослог, бүлээн чанартай хоол ундыг хэмжээг нь тохируулан хэрэглэх нь үр дүнтэй.

Эрүүл ахуйн дэглэм, зөв амьдралын хэв маягийг баримтлах

Хүчилтөрөгч дутагдаж, бохир нян вирустэй агаараар байнга амьсгалах нь дахин вирусийн халдвар авах, хүндрэх аюултай тул агаарын солилцоог цаг агаартай зохицуулан хоёр цаг тутам хийж байх нь ханиадыг хурдан эдгээхэд тустай байдаг. Иймд гараа тогтмол угааж, эрүүл ахуйн дэглэмээ баримтлахыг зөвлөдөг. Түүнчлэн, өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, тогтмол цагт унтаж хэвшиж, эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалж, тэтгэхийг зөвлөж байгаа. 
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн