Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Кайсар Амиржанов: Казахстан-Монголын худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдсэн

Кайсар Амиржанов: Казахстан-Монголын худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдсэн
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 6
Казахстан, Монгол Улсын хооронд 2024 онд өрнөсөн улс төрийн болон бусад чухал үйл явдлуудыг дүгнэж Казахстан улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Өнгөрч буй онд манай хоёр орны хооронд төрийн дээд өндөр түвшний айлчлал хийгдэж, худалдаа эдийн засгийн харилцаа өргөжсөнийг Элчин сайд онцолж байна.
Казахстан, Монгол хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Кайсар Амиржанов: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын Улаанбаатар хотод төрийн айлчлал хийсэн нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд болсон түүхэн явдал юм. Энэхүү айлчлал нь сүүлийн 16 жилийн хугацаанд Казахстаны Төрийн тэргүүний Улаанбаатар хотод хийж буй анхны айлчлал байсан. Айлчлалын үр дүнд хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь хоёр орны эдийн засаг, соёл хүмүүнлэгийн харилцааг шинэ шатанд гаргах улс төрийн үндсийг тавихын зэрэгцээ, хоёр улс хоорондын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох таатай боломж олгосон.
Мөн нэг чухал үйл явдлын талаар дурдах нь зүйтэй байх. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 12-нд Казахстаны Гадаад худалдааны танхим, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд Казахстан-Монголын Ажил хэргийн зөвлөл байгуулах тухай санамж бичигт талууд онлайнаар гарын үсэг зурсан. Түүнчлэн, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаагаа авч үзвэл 2023 онд харилцан худалдааны эргэлт 133 сая ам.долларт хүрсэн. Энэ нь коронавирусийн халдвар дэгдэхийн өмнөх худалдааны эргэлтийн дундаж хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлттэй харагдаж байна. Мөн 2024 оны эхний 9 сарын байдлаар хоёр талт худалдааны эргэлт 94.8 сая ам.доллар хүрсэн гэх үзүүлэлттэй байгаа.
Казахстанаас Монгол Улсад экспортлох гол бараа нь төмөр замын зүтгүүр буюу локомотив, зурагт, дэлгэц, тамхин бүтээгдэхүүн, тараг, талх болон гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн (кофе, шоколад), хөдөлгүүр, машины үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.
Монгол Улсаас Казахстанд нийлүүлдэг гол бараа нь төмөр замын ачааны болон трамвай вагон, авто сэлбэг хэрэгсэл, мах, махан бүтээгдэхүүн, нэрийн цаас, үнэт цаастай ижил төстэй цаасны төрлүүд, ноолуур, гутал, хивс, ноосон бүтээгдэхүүн зэрэг байна.
Түүнчлэн 2024 оны байдлаар манай хоёр орны дижитал салбарын харилцаа улам өргөжиж байгаа нь онцлох явдал юм. Ирэх онд Казахстан улсын хувьд хэд хэдэн түүхэн ой тохиож байна. Тухайлбал, Казахстаны Ардын их хурал болон Үндсэн хуулийн баталсны 30 жил, Аугаа их ялалтын 80 жил, агуу яруу найрагч Абай Кунанбайвын мэндэлсний 180 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан ирэх онд яамнаас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Уран олборлох тал дээр Монголын Мон-Атом компани Казахстаны Казатомпром компани хооронд хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд ирэх ураны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөгжүүлэх, талууд хоорондоо туршлага солилцох зэрэг ажлууд зохион байгуулагдах байх гэлээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн