Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн хуулийн төслийг баталсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн байна. Мөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 2025 оны төсвөө баталсан тул зөрчлийг арилгах зөвлөмжийг хүргүүлжээ.Сануулахад, УИХ-аар өчигдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод хүргүүлээд байгаа юм.Хуульд зааснаар УИХ-аар жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах ёстой. Үүний дараа Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхэд хяналт тавьж, “шалгадаг”. Асуудалтай байвал хориг тавьдаг. 2025 оны төсвийн хууль нь зарлага өндөртэйгээс алдагдал их, бас бус хуулийн зөрчил үүссэн байсан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан.