БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл арванхоёрдугаарын 3-нд цэргийн онц байдал гэнэт зарлаж,түүнийг нь иргэд болон парламентын гишүүд хүчтэй эсэргүүцсэн. Парламент нь онц байдал зарласны дараа яаралтай хуралдаж, Ерөнхийлөгчийнхөө зарласан Цэргийн онц байдал тогтоосон зарлигийг цуцлах тогтоолыг 100 хувийн саналтайгаар баталсан. Үүний дараа Ерөнхийлөгч нь онцгой байдлын дэглэмийг цуцалсан билээ. Уг асуудлаас үүдэж Солонгосын сөрөг хүчин болон иргэд нь Ерөнхийлөгчөө огцруулах асуудлыг хүчтэй тавьсаар байна. Иймд Өмнөд Солонгост үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, судлаач Ж.Баттөртэй ярилцлаа.
-Та БНСУ-д болж байгаа үйл явдлыг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Энэ үйл явдал нь ид өрнөж байгаа болохоор үйл явдлын учир шалтгааныг дүгнэхэд амаргүй. Гэхдээ хэд хэдэн зүйл харагдаж байна. Нэгдүгээрт, маш том улс төрийн зөрчил үүсгэлээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн цэргийн онцгой байдал зарласан гэнэтийн шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлал өндөр байгаа. БНСУ Ерөнхийлөгчийн засаглалтай боловч парламент буюу Үндэсний Ассамблейн тогтоолоор олон асуудлыг шийдэж болдог. Цаашдаа Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн илэрхий буруу зүйл хийсэн бол Үндсэн хуулийн шүүх эсвэл цэц дээр очиж шийд гаргадаг. Энэ асуудал тиймэрхүү байдлаар шийдэгдэж магадгүй байна. Нөгөө талаараа бидний мэдэхгүй мэдээлэл, тодорхой болоогүй том асуудлууд байж болох юм. Жишээлбэл, Юн Сук Ёл Ерөнхийлөгч сөрөг хүчний зүгээс Хойд Солонгостой ойр дотно ажилласан. Тиймээс үүнийг хаахгүй бол болохгүй байсан гэж байгаа. Ер нь цэргийн онцгой байдлыг ард түмэн эсэргүүцсэн хамгийн том үндэслэл нь зайлшгүй нөхцөл үүссэн үед тогтоох ёстой байдаг болохоор юм. Хэн дуртай нь дураараа хүссэн цагтаа тогтоож болдоггүй. БНСУ-ыг харахад яг тийм зайлшгүй нөхцөл үүссэн үү гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байна. Хэрэв үүсээгүй байхад нь тогтоосон бол Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унах нь ойлгомжтой.
-Хэрвээ Өмнөд Солонгост цэргийн онцгой байдал зарласан байдал нь урт хугацаанд үргэлжилсэн бол ямар асуудал гарах байсан бэ?
-Түүнийг таамаглаж хэлэхэд хэцүү. Гэхдээ өмнө нь том хэмжээний үймээн, самуун, бослого зайлшгүй дэгдэнэ. Яагаад гэвэл иргэд нь хууль бус зүйлийн өмнө дуугүй байдаггүй. Ард түмнээрээ босоод ирдэг. Зарим тохиолдолд хэдэн саяараа жагсаж байж эрх баригчдыг унагаадаг. Тиймээс улс төрийн том тэмцэл болох байсан. Үүнийг олж хараад Ерөнхийлөгч нь онцгой дэглэмээ цуцалчихлаа.
-Өчигдрөөс БНСУ-ын парламентын гишүүд болон иргэд Ерөнхийлөгчөө огцруулах санал гаргаад байна. Ер нь огцрох магадлалтай байна уу?
-Огцрох үгүйг ярихад нөхцөл байдал эрт байгаа ч огцорч магадгүй байна. Огцорвол Ерөнхийлөгчийн сонгуулийг урагшлуулж явуулна. Огцрохгүй, асуудал даамжирч удвал хүнд байдалд орно. Өмнөд Солонгосын өмнөх жишгээс харахад, Ерөнхий сайд нь засаглалынхаа тэргүүний үүргийг гүйцэтгээд явж байсан удаатай. Тодруулбал, Пак Гын Хе-г ерөнхийлөгч байхад Ерөнхий сайд нь засаглалыг удирдаж байсан. Эсвэл тогтвортой төр засагтаа үнэнч ажиллаж байсан өндөр настай туршлагатай хүнд түр хугацаанд удирдах эрх мэдлийг олгодог. Хамгийн том асуудал нь БНСУ дотооддоо их зөрчилтэй байхад дараагийн зөрчлийг Ерөнхийлөгч нь бий болгочихлоо гэж хараад байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн зөвлөх болон тамгын газрын албан тушаалтнууд нь тэр чигээрээ огцорч байна. Мөн Батлан хамгаалахын сайд нь огцрох болчихлоо. Яагаад гэвэл одоогоор Батлан хамгаалахын сайд нь цэргийн онц байдал зарлах үндэслэл гаргаж өгсөн юм шиг харагдаад байгаа. Ер нь бол үндэсний аюулгүй байдал дээр яригдсаны дараа цэргийн онц байдлыг тогтоодог.
-Улс төрийн тогтворгүй байдлыг нь дагаад эдийн засаг нь уналтад орох эрсдэл дагуулах уу. Өнөөдрийн байдлаар воны ханш болон компаниудынх нь хувьцаа тодорхой хэмжээнд унасан харагдаж байна?
-Воны ханш болон компаниудынх нь хувьцаа унаж байгаа нь ганцхан улс төрийн тогтворгүй байдлаас болохгүй. Тухайлбал, дэлхийн худалдааны нөхцөл байдал болон Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн тохиолдол болгонд савлагаа гарч байдаг. Өмнөд Солонгос нэлээд тэсвэртэй эдийн засгийн системтэй. Азийн 1997 оны санхүүгийн хямралаас хойш эдийн засгаа зах зээлийн хууль, журмаар нь явуулдаг болсон. Үүний өмнө нь зах зээлийн бус аргаар шийдвэрлэж байсан нь эдийн засгийн том уналтад оруулж байсан. Тийм учраас БНСУ-ын эдийн засаг харьцангуй тогтвортой, биеэ авч явах чадвартай систем. Иймд улс төрийн тогтворгүй байдлаас болоод айхтар том эдийн засгийн уналтад орохгүй. Мэдээж урт хугацаагаар үргэлжилсэн улс төрийн хямрал үүсвэл эдийн засагт нь тодорхой хэмжээнд л нөлөөлнө. Капиталист эдийн засгийн давуу тал нь өөрийгөө зохицуулж чаддаг, эрсдэл үүсэх үед өөр салбар руу шилжих ч юм уу бие даасан системтэй байдаг. Өмнөд Солонгос нь холимог эдийн засагтай ч гэсэн манайхтай адилхан төр нь эдийн засгийн салбар бүрд оролцоод байдаггүй сайн талтай.
-БНСУ-ын олон улсын харилцааны нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Одоогийн Ерөнхийлөгч Юн Сук Ёл засаглал бол барууны чиглэлийн нам. Тийм учраас Америктай харилцаагаа ойртуулах гэсэн байдалтай байлаа. Мөн Японтой харилцаагаа сайжруулж байна. ОХУ-аас нэлээд зайгаа барьсан байдалтай байгаа. Гэхдээ Трампын засаглалаас хойш нөхцөл байдал яаж хувирахыг бид мэдэхгүй байна. Ямар ч байсан том өөрчлөлт гарна гэж харж байгаа.
-Өмнөд Солонгосын иргэдийн улс төрийн идэвх оролцооны талаар тодруулбал?
-Мэдээж иргэд нь ардчиллын төлөө их тэмцдэг. Төр эсвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хууль зөрчсөн, авлигад өртсөн тохиолд хэнд ч бай хууль нь их хатуу. БНСУ нийт 13 Ерөнхийлөгчтэй болж байснаас 5 нь авлигал авсан хэргээр шоронд суусан, нэг хүн амиа хорлож байсан гэх мэт гашуун түүхтэй. Тэрний цаана иргэд жагсаж, Ерөнхийлөгчөө огцруулж байсан тохиолдол хэд хэд байна. Ерөнхийдөө сүүлийн жагсаалууд тайван байдлаар өрнөж, Ерөнхийлөгчөө огцруулж байсан. Засгийн газар нь ч иргэдээсээ эмээдэг, хүндэлдэг. Би бол ичих нүүртэй засаглал хэлмээр байгаа. Ичих нүүртэй засаглал байх ёстой. Ичих нүүргүй засаглал руу орохоороо улс орон дампуурал руугаа явдаг нь харагдаад байгаа.
-Иргэдийнх нь улс төрийн дархлаанд юу нөлөөлсөн гэж та харж байна вэ?
-Олон жилийн тууштай тэмцэл нөлөөлсөн гэж харж байна. Өмнөд Солонгосын иргэд Засгийн газар, Ерөнхийлөгчөөсөө шударга ёс, өндөр ёс зүйг шаарддаг. Ямар нэгэн байдлаар ёс зүйтэй холбоотой асуудал удирдагчдын дунд гарвал заавал огцордог, уучлалт гуйдаг, дараагийн засаглал нь засаад явдаг тогтолцоотой. Үүнийг ардчиллын дархлаа гэж хэлж болно. Энэ соёлыг манай улс ч мөн адил оруулж ирэхгүй бол болохгүй харагдаад байгаа.