Ирэх оны улсын төсвөөс хавдрын эмнэлгийн 5.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасжээ. Гэтэл хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тухайлбал, өмнө нь жилд 6500 орчим хүн хавдраар оношлогддог байсан бол 2023 онд 7244 болж нэмэгдсэн. Цаашид өвчлөл 2-3 дахин нэмэгдэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулсаар байна. Түүнчлэн, хавдрын улмаас нас барагсдын тоо жилд 4000-аас огт буурахгүй байгаа юм. Энэ нь дөрвөн сая хүрэхгүй хүн амтай манай улсад өдөрт 12-13 хүн хорт хавдраар нас барж байна гэсэн үг.
Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэтэл Монгол Улс соёлын салбартаа 18 тэрбум төгрөгийн ваучер төсөвлөж чаддаг хэрнээ яагаад иргэдийнхээ эрүүл мэндээс мөнгө харамлаж байна вэ.
Хавдар хэнийг ч ялгалгүй хаалга тогшино
Хавдар судлалын үндэсний төвийг 1982 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар барьж байжээ. Тухайн үед Монгол Улс сая гаруй хүн амтай байснаас гадна хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйлс харьцангуй бага байв. Харин өнөөдөр Монголын хүн ам 3.5 саяд хүрч хавдраар өвдөх хүмүүс ч хэдэн зуу дахин ихэслээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “2025 оны ХСҮТ шинэ эмнэлгийн барилга дээр ямар ч мөнгө тавигдаагүй. Энэ эмнэлгийн барилгын зураг төслийг Бодь групп гүйцэтгэхээр болсон. Зураг төслийнх нь зардал болох 3 тэрбум төгрөгийг л төсөвт тусгасан. Жилдээ Монгол Улсад хавдраар 7444 өвчилж, 4556 гаруй хүн нас бардаг. Дахиад “хавдар 2” төслийг нэг жил хүлээлгэвэл 4000 монгол хүнээ үхүүлэхээр байна” гэдгийг тодотгоод, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт гаргахаар 24 гишүүн гарын үсгээ зураад байна.