Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Евразийн эдийн засгийн холбоотой чимээгүй байгуулах гэж байгаа хэлэлцээр АЮУЛ дагуулна

Евразийн эдийн засгийн холбоотой чимээгүй байгуулах гэж байгаа хэлэлцээр АЮУЛ дагуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 4
Монгол Улс ОХУ, Казахстан, Беларусь зэрэг орон гишүүнчлэлтэй Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийж, 300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх гэрээг арванхоёрдугаар сард багтаж байгуулахаар Засгийн газар ажиллаж байгаа аж. Гэхдээ энэ хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байна. Тодруулбал, хөдөө аж ахуйн дийлэнх бүтээгдэхүүнийг (бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг) импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлэхээр ярилцаж байна. Улсаасаа ихээхэн татаас авч томорсон тэдгээр орны том компаниудтай Монголын дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж буй аж ахуйн нэгжүүд өрсөлдөж чадахгүй.
ОХУ эдийн засгийн хоригтой байгаа. Ийм үед бүр гаалийн татвар тэглэх түншлэлийн хэлэлцээр байгуулбал барууны хөрөнгө оруулагчид яаж хүлээж авах вэ? Мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг ч улам ихэсгэн улсаа хорлох хэлэлцээр байгуулах ёсгүй. Үүнийг дотоодын үйлдвэрлэгчид эсэргүүцэж, эгдүүцлээ илэрхийлээд эхэлжээ.
Хоёрт, энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг хаахаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй юм.
Уг нь манай улс 19 нэрийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын 36 дугаар тогтоол баталж байв. Үйлдвэрлэлийг дэмжихээр их хэмжээний зээл олгосны үр дүн ч гарахгүй гэсэн үг. Иймээс УИХ-ын гишүүд монгол төрийн бодлогыг тогтвортойгоор үргэлжлүүлж, ард түмнээс сонгогдсон стратегийн гэх тодотголтой хүнс, хөдөө аж ахуйн салбараа хамгаалж, гаднаас татваргүйгээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх эл хэлэлцээрийг байгуулахыг эсэргүүцэж, хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах шаардлагатай байна.
Евразийн эдийн засгийн холбооны таван оронтой 2023 онд хийсэн гадаад худалдааны статистикийг харвал худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх дүн бий. Тодруулбал, 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2.5 тэрбумын бүтээгдэхүүн импортолсон байна.
Хэрэв дээрх хэлэлцээрийг байгуулбал худалдааны тэнцэл улам нэмэгдэх нь дамжиггүй. Том болон жижиг орнууд хоорондоо татвар тэглэхээр том нь хождог талтай. АНУ гэхэд БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд 25-65 хувийн татвар ногдуулж,улсынхаа эдийн засгийг хамгаална гэж Ерөнхийлөгч нь зарлачихлаа. Гэтэл манайд эсрэгээрээ... Жинхэнэ эх оронч үйлдвэрлэгчдээ хэн хамгаалах вэ?
А.Наран
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн