Тавантолгой түлш ХХК-ийн менежментийг 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс Нийслэлийн харьяанд шилжүүлж байгаатай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар тус компани дээр ажиллаж үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн, цаашид сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа түүхий эдийг өөрчилж, нийгмийн халамж, татаас хэлбэрээр ажилладаг байдлыг хална гэж мэдэгдлээ. Мөн сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос гаргаж бусад бүс нутгуудад тарааж худалдаж байгаа байдлыг таслан зогсооно гэв.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Шахмал түлш хэрэглэгчдийн тоо нь өнгөрсөн хугацаанд 10 хувиар өссөн байхад үйлдвэрлэлтийн хэмжээ нь 200.000 тонноор ихэссэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Хулгай хаана яваад байна вэ гэдгийг технологийн шийдлээр хянана. Хотод менежмент нь ирсэн учир бид энэ хулгай, үр ашиггүй зарцуулалттай эвлэрч суухгүй.
Орон нутгийн зам дагуу цайны газар болгонд Тавантолгойн сайжруулсан түлш байна. Яагаад тэр түлш тэнд байгаа юм бэ. Яагаад өнөөдрийг хүртэл нэг шуудай түлшний бодит өртгийг ил тод зарлахгүй байна вэ. Миний олж авсан мэдээллээр иргэдэд 3750 төгрөгөөр олгож байгаа нэг шуудай сайжруулсан шахмал түлшний бодит өртөг 20800 төгрөг байна. Энэ зөрүүг татаас хэлбэрээр, татвар төлөгчдийн мөнгөөр хааж байна. Ийм алдагдалтай ажиллаж байж яагаад ажилчдадаа орон сууцны дэмжлэг туслалцаа үзүүлэв, яагаад бүтцээ буруулахгүй байна вэ. Удирдах зөвлөлөө оруулаад 1850 хүнтэй ажиллах боломжтой байхад яагаад 2080 хүнтэй ажиллаж байна вэ. Ийм алдагдалтай бизнес дэлхийд байхгүй. Яагаад энэ байдалдаа бодитой дүгнэлт хийж, өөрчлөлт хийгээгүй юм бэ.