Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.
“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан. Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна.