Монгол бөхийн түүх цаг цагаар хөвөрч, үе үеэрээ ээлжлэн солигдоно. Өмнө үеийн хүчтэнүүдийн халааг залгаж, ирэх цагийн өнгийг тодорхойлох бөхчүүдийг таамаг байдлаар хүргэж байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа нас, эрэмбэ, барилдааны ур чадвар, цолондоо эзэн болж барилддаг, бөх сонирхогчдын таамаг зэргийг онцоллоо.
Улсын арслан Баярсайханы Орхонбаяр
Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн Б.Орхонбаяр нь 1998 оны долоодугаар сарын 1-нд төрсөн. Тэрээр 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэг, мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин болсон. Түүний дээрх амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй найман бөх гаргаж байсан юм.
Б.Орхонбаяр нь бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад тууштай хийж байгаа. Түүний амжилтын түүх ч тасралтгүй үргэлжилсээр байна. Тодруулбал, 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн төдийгүй 26 насандаа Үндэсний Их баяр наадамд хоёр дахиа үзүүрлээд байна. Бөх сонирхогчид түүнийг эврээгүй хүүхдээрээ зантай, жудагтай бөх гэдгээр нь хүндэлж, хайрладаг. Мөн ид барилдах насандаа яваа Б.Орхонбаяр арсланд олон ч наадам, амжилтын найдвар бий.
Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл
Завхан аймгийн Яруу сумаас гаралтай “Яруухан” бөх гэгддэг МУГТ М.Лхагвагэрэл 1998 оны нэгдүгээр сарын 4-нд төрсөн. Тэрээр чөлөөт бөхийн суурьтай бөгөөд олимпын наадамд хоёр удаа зодоглосон бөх юм. Түүний аав Мөнхтөр аймгийн арслан цолтой бөх. М.Лхагвагэрэл аав шигээ сайн бөх болохыг мөрөөдсөөр 10 настай байхдаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хослуулан барилдаж байгаа. М.Лхагвагэрэл 2021 оны Бүх цэргийн баяр наадамд түрүүлж, цэргийн заан болсон. Дараа жил нь дахин түрүүлж, хурцалсан бөгөөд тухайн жилд улсын заан цолтон болсон билээ. Чөлөөт бөхийн суурьтай М.Лхагвагэрэл хэнтэй ч барилдсан давах магадлалтай тааварлашгүй бөх юм. Мөн энэ жил тэрээр заалны барилдаан алгасахгүй барилдаж, унасан ч, давсан ч түрүү үзүүрийн барилдааныг дуустал нь үзэж, бусдаасаа суралцаж, том зорилгоо тээж яваа.
Улсын заан Сүхбаатарын Сүхбат
Хүчтэний өлгий Архангай аймгийн Хашаат сумаас гаралтай С.Сүхбат 2000 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн. С.Сүхбат 2022 онд цэргийн начин, аймгийн арслан, хурц чимэг гээд нэг зун гурван ч удаа цол, чимэг нэмсэн удаатай. Түүнчлэн, 2023 онд Үндэсний их баяр наадамд зодоглохдоо шууд долоо давж, заан цолонд хүрсэн. Мөн тухайн жилдээ түүний амжилт үүгээр зогсохгүй гэдгийг батлах шиг Даншиг наадамд түрүүлсэн. Тэрээр үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн цагаасаа Д.Рагчаа гарьдын удирдлагад бэлтгэл сургуулилтаа тууштай хийж яваа. Түүнийг бөх судлаачид төрмөл бөх хэмээн нэрийддэг. С.Сүхбат улсын заан цолтон болоод аварга цолтнууд л түрүүлдэг гэгддэг улс тунхагласны ойн барилдаанд анхны түрүүгээ хүртсэн. Ингэхдээ, зургаагийн даваанд улсын аварга О.Хангай, долоогийн даваанд улсын харцага Б. Зоригтбаатарыг давсан юм. Тэр хичээж, зүтгэж л чадвал ямар ч амжилт үзүүлж мэдэх бөх өө.
Улсын начин Энхтүвшиний Батмагнай
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай 2001 оны нэгдүгээр сарын 12-нд төрсөн. Тэрээр 2022 онд Улсын баяр наадамд анх удаа зодоглосон бөгөөд дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарчийг унагаж, улмаар тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунан барилдаад улсын начин цол хүртсэн билээ. Э.Батмагнай нь 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд улсын заан М.Лхагвагэрэлтэй 125 кг жинд үнэн хүчийг үздэг. Тэрээр 2017 болон 2018 онуудад Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байсан. Тодруулбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж, 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм. Түүнийг бөхийн “хорхойтнууд” чөлөөт болон үндэсний бөхийн аль алинаар нь чамгүй амжилт гаргана гэсэн хүлээлттэй байдаг.
Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр 1998 онд арваннэгдүгээр сарын 4-нд төрсөн. Түүний өвөө Тавхайн Гомбо нь 1957 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн хүчтэн. Тэрээр 2012 оноос үндэсний бөхөөр тууштай хичээллэж байгаа бөгөөд анхны багш нь МУГТ, улсын начин Д.Пүрэвсүрэн юм. Н.Өсөхбаяр Үндэсний бөхийн өсвөрийн Улсын АШТ-д гурав дараалж түрүүлээд, залгаж залуучуудын ангиллаа Улсын АШТ-д мөн нэгэнтээ түрүүлсэн амжилттай. Мөн 2014 оны Үндэсний их баяр наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байлаа. Тухайн жилдээ сумын заан болж, 2015 онд цолоо баталсан. Түүнчлэн, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан болж, 2022 онд цолоо баталж, хурц арслан болсон. Тэрээр заалны барилдаанд бол ямар ч цолтой бөхтэй үнэн хүчийг үзэж давдаг. Энэ жилийн улсын наадмыг түрүү бөхийн тааварт яригдаж байсан бөх. Шахаж татах мэхийг хорьсон ч хориогүй хийдэг Н.Өсөхбаяр ирэх цагийн өнгийг тодорхойлох бөхчүүдийг нэг эргэлзээгүй мөн.