Засгийн газраас Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Тус өөрчлөлтөөр намууд дүрэм, хөтөлбөрөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг 2028 он хүртэл сунгах юм.
Г.Занданшатарын тэргүүлж байсан парламент Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, хариуцлагажуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэтэл тус хуулийн хамгийн чухал заалтыг 2028 он хүртэл хойшлуулах саналыг Засгийн газраас оруулж ирлээ. Уг нь хуулийн хугацаандаа багтаад долоон намаас дүрэм, хөтөлбөрөө Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа бөгөөд хоёр намынхыг буцаажээ. Монгол Улсад бүртгэлтэй 37 намаас долоо нь хуулийн хугацаандаа багтан дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч хамтран эрх барьж байгаа намууд нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санал оруулж ирээд байна. УИХ дахь МАН-ын бүлэг тус хуулийн төслийг хэлэлцээгүй бол АН-ынхан хуулийг дэмжихгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргасан. Засагт хамтарсан хоёр намын бүлэг хоёр өөр байр суурьтай байгаа юм.
Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд "Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ" гэж заасан. Тус хуулиар намууд энэ ондоо батгаад дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх ёстой. Гэтэл дээрх хугацааг 2028 он болтол сунгахаар болж байгаа юм. Учир нь энэ жил хоёр ч сонгуультай байсан учраас намууд Их хурлаа хийж, дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн баталж амжаагүй гэдэг тайлбарыг Засгийн газраас ч, зарим улс төрийн хүчнээс ч өгч байгаа. Намууд дүрэм, хөтөлбөрөө намынхаа Их хурлаар хэлэлцэн баталдаг. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрэм, хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, Дээд шүүхэд бүртгүүлэхийн тулд Их хурлаа хийх шаардлага үүссэн.
Нэг талаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намыг цэгцэлж, инситутын хэмжээнд төлөвшүүлэх, хариуцлагажуулах ач холбогдолтой. Гэтэл жижиг намууд бүртгүүлж амжихгүй байна гэдэг халхавчийн дор АН, ХҮН намын эрх ашиг нуугдаж байна. Учир нь Ардчилсан нам, ХҮН нам Их хурлаа хуралдуулж дүрэм, хөтөлбөрөө хэлэлцвэл намын дарга нарын асуудлыг хөндөх, дарга нараа өөрчлөх эрсдэлтэй байгаа. Тиймээс ч Л.Гантөмөр, Т.Доржханд нар энэ хугацааг хойшлуулах хүсэлтэй байгаа бололтой.
Хоёр сонгуулийн цикл дараалан хагаралтай байсан Ардчилсан нам сүүлийн жил л нэг даргатай, тогтвортой байгаа. Л.Гантөмөрийг томилогдохоос эхлээд л дэмжихгүй, унагах хүсэлтэй хэсгийнхэн АН-д цөөнгүй бий. Тиймээс намын Их хурлаа хийх нь Л.Гантөмөрт хамгийн эрсдэлтэй.
ХҮН намын тухайд сонгуулийн өмнө л залуус нь намын даргаа эсэргүүцсэн гишүүнчлэлээсээ түдгэлзээд эхэлсэн. Учир нь Т.Доржханд өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацаанд ч МАН-ын хуралдуулах нь мөн л намын дарга, шинэхэн сайд Т.Доржхандад эрсдэл дагуулж байгаа.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа тогтвортой байдлыг хангахын тулд намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулж байгаа бололтой.