Open iToim app
Улс төр | 2 мин уншина

ЗГ-ыг 2025 оны төсвийн хууль дахин өргөн бариулах УИХ-ын тогтоол дахин хуулийн зөрчилтэй юү

ЗГ-ыг 2025 оны төсвийн хууль дахин өргөн бариулах УИХ-ын тогтоол дахин хуулийн зөрчилтэй юү
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 30
УИХ Ерөнхийлөгчийн 2025 оны төсөв болон хамт баталсан хууль тогтоолд тавьсан хоригийг хэрхэн хэлэлцэх асуудлаа шийдэж чадахгүй, энэ 7 хоногт хэд хэдэн хувилбар гаргаад авлаа.
Эхлээд нэг удаагийн дэг боловсруулж, хоригийг хэлэлцэнэ гэж байсан ч эцэслэн батлах санал хураалтаар дээрх дэг унасан. Тиймээс УИХ-ын Хууль зүй болон Төсвийн байнгын хороо хуралдаж хоригийг хэлэлцэх дараагийн шийдэл юу байхыг ярьж, 2025 оны төсвийн хуулийг хүчингүй болгох хувилбар оруулж ирсэн юм. Ингэснээр УИХ 2025 оны төсвийн хуулийг хүчингүй болгож Засгийн газар дахин төсөв өргөн барих тогтоолыг баталлаа.
2025 оны төсвийн хууль болон хамт баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох УИХ-ын тогтоолыг баталлаа. Тогтоолд,
1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг Улсын их хурал хүлээн авч, хууль тогтоол бүхэлдээ хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.
2. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн байна.
УИХ-ын баталсан уг тогтоолоор Засгийн газар ирэх сарын 10-аас өмнө 2025 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн барих үүрэг хүлээлээ. Гэхдээ УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар төсвийн хуулийг дахин өргөн баривал хууль зөрчинө. Учир нь хуульд төсөв өргөн барих хоёр л зохицуулалт байдаг. Тодруулбал, Засгийн газар есдүгээр сарын 1-нд багтаан дараа жилийн төсвийн хуулийг өргөн барина, тодотгол хийвэл мөн өргөн барина гэсэн заалттай. Харин УИХ-ын баталсан Төсвийн хуулийг хүчингүй болгоод дахин өргөн барих хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Засгийн газар 2025 оны Төсвийн хуулийг өргөн баривал хууль зөрчих нөхцөл үүслээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор дахин өргөн барих шийдвэр нь Хууль тогтоомжийн тухай, Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж болзошгүй бөгөөд төсөв дээр тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй байхад тодотгол хий гэдэг УИХ-ын тогтоол шиг /Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоол нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимд нийцээгүй гэж хориг тавьсан/ дахин хуульд нийцээгүй тогтоолыг батлуулчих шиг боллоо" гэжээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн