УИХ Ерөнхийлөгчийн 2025 оны төсөв болон хамт баталсан хууль тогтоолд тавьсан хоригийг хэрхэн хэлэлцэх асуудлаа шийдэж чадахгүй, энэ 7 хоногт хэд хэдэн хувилбар гаргаад авлаа. Эхлээд нэг удаагийн дэг боловсруулж, хоригийг хэлэлцэнэ гэж байсан ч эцэслэн батлах санал хураалтаар дээрх дэг унасан. Тиймээс УИХ-ын Хууль зүй болон Төсвийн байнгын хороо хуралдаж хоригийг хэлэлцэх дараагийн шийдэл юу байхыг ярьж, 2025 оны төсвийн хуулийг хүчингүй болгох хувилбар оруулж ирсэн юм. Ингэснээр УИХ 2025 оны төсвийн хуулийг хүчингүй болгож Засгийн газар дахин төсөв өргөн барих тогтоолыг баталлаа. 2025 оны төсвийн хууль болон хамт баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох УИХ-ын тогтоолыг баталлаа. Тогтоолд,1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг Улсын их хурал хүлээн авч, хууль тогтоол бүхэлдээ хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.2. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн байна.