УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцлээ.Нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж байгаа бөгөөд санал дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Асуулт, хариултын дараа хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг баталж чадсангүй. Тиймээс яг одоо УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж үдээс хойших хуралдаанд дахин санал боловсруулж оруулж ирэхээр болов. УИХ ирэх сарын 6-аас өмнө Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж төсвөө батлах хугацаатай байгаа. Гэтэл хоригийг хэлэлцэх дэгээ баталж чадсангүй.