Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

БНСУ-д 117 жилийн турш орж байгаагүй их цас оржээ

БНСУ-д 117 жилийн турш орж байгаагүй их цас оржээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 28
Сөүл хотын зарим хэсгийг 40 гаруй см зузаантай цас бүрхжээ.
Цаг уурын агентлаг нийслэл хот, Кёнги муж болон улсын бараг бүх нутгаар их хэмжээний цас орохыг анхааруулсан байна. Солонгосын цаг уурын албаны (КМА) мэдээлснээр, Сөүлийн хойд хэсгийн Сонбук, Гангбук дүүрэгт 30 орчим см зузаан цас орсон байна.
Мөн нийслэлийн бусад олон дүүрэгт 20 см гаруй зузаан цас орсон байна. Энэ нь цаг агаарын ажиглалт хийж эхэлснээс хойш буюу 1907 оны аравдугаар сараас хойш Сөүл хотод орсон хамгийн их цас аж. Өмнө нь 1972 оны арваннэгдүгээр сарын 28-нд 12.4 сантиметр зузаан цас орсон нь хамгийн их цас орсонд тооцогдож байжээ.
Их хэмжээний цас орсны улмаас олон газар осол гарч, зам даваа хаагдаж, замын хөдөлгөөнд саад учруулсан байна. Аврах албаныханд зам тээврийн осол, зам мөстсөн, унаж бэртсэн зэрэг 150 гаруй мэдээлэл иржээ. Сонбук дүүрэгт мод цахилгааны кабель дээр унаж, 200 орчим айл өрх цахилгаан тасарчээ.
“Korea Airports Corp” болон “Incheon International Airport Corp”-ын мэдээлснээр дотоодын болон олон улсын 40 гаруй нислэг цуцлагдаж, 200 орчим нислэг хойшлогдсон байна. Сөүлийн төв хэсэгт байрлах Жосоны үеийн томоохон ордон, хааны бунхнуудыг үдээс хойш хааж, жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс шөнийн аялалыг түр зогсоосон аж. Өнөөдөр үргэлжлэн Солонгосын хойгийн төв хэсэг, баруун өмнөд болон зүүн өмнөд аймгуудын уулархаг нутгаар ахиу цас орох төлөвтэй байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн