Open iToim app
Улс төр | 6 мин уншина

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Нийтэлсэн 2024 оны 11 сарын 28
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс "Чөлөөт зах зээлийн экосфэр” эдийн засгийн форум болж, “Өрөөсөн хөл дээрээс өрдөлдөх чадвар руу” хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-очир, оролцогчоор УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа нар оролцлоо.
undefined
Илтгэгч, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-очир:
Улс орноо хөгжүүлэхийн тулд ямар суурь нөхцөлүүдийг бүрдүүлж, юунд анхаарах ёстой вэ?
Чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлийг бий болгохын тулд үр ашигтай зах зээл, үр дүнтэй төр, хүчтэй институц гэсэн гурван зүйлийг хэрхэн зохистой уялдуулах, балансыг олох нь хөгжлийн хувьд хамгийн чухал. Үнэ өөрөө зах зээлийн эдийн засгийн дохиологч, хөрөнгийг хамгийн их үр ашигтай байршуулдаг дохио. Түүнийг бий болгож байдаг зүйл бол өрсөлдөөн, өрсөлдөөнийг хангах суурь нөхцөлүүд. Үр ашигтай зах зээлийг бүрдүүлэхгүй байх нь бүх зүйлийг хэт монопол болгох, үнийг хатуу хянах гажуудалд хүргэнэ. Улс төрийн институц хүчтэй байснаар эдийн засгийн зөв институц бий болно.
Үр ашигтай зах зээлийг хангахын тулд хүчтэй институц тогтох ёстой. Хүчтэй институцыг бий болгох нь төрийн үндсэн ажил. Үр ашигтай зах зээл, үр дүнтэй төр, хүчтэй институц гэсэн гурван зүйл уялдаа холбоотой явах ёстой. Монголын эдийн засаг төрөлжих зайлшгүй шаардлагатай. Монгол улс түүхий эдийн зах зээлээс маш өндөр хамааралтай. Экспортын 93 хувь нь боловсруулах уул уурхайн бүтээгдэхүүн, +6 орчим хувь нь хөдөө аж ахуйн түүхий эд байгаа гэж үзвэл дэлхийн түүхий эдийн зэх зээлийн үнээс шууд хамааралтай. Монголын санхүүгийн зах зээл, бодь сектор дэлхийн зах зээлээс маш хүчтэй хамаардаг.
Энэ жил Дэлхийн банкнаас гаргасан "Уур амьсгал ба хөгжил” илтгэлд Монгол Улс нүүрснээс 100 хувь хамааралтай эдийн засагтай болсон гэдгийг маш тодорхой харуулсан судалгааны дүнг танилцуулсан. Нүүрсний экспортын 3/1 хувийг биет хэмжээгээр юм уу экспортын орлогыг үнийн уналтаар бий болж болно. Биет хэмжээгээр гаргахгүй байх үед эдийн засгийн өсөлт -6 болж агшина. 100 хувь байх юм бол эдийн засаг 20 хувиар агшина. 2017 онд Монголын эдийн засагчдын хийсэн судалгаагаар Монголын эдийн засгийн гол макро үзүүлэлтүүдийг 50 хувийг нь гадаад шокууд, тэр дундаа Хятадын ДНБ, зэс, нүүрс, газрын тосны үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн хүчин зүйлүүдээр тайлбарлаж байна.
Монголын эдийн засагт орж ирж буй гол суваг бол санхүүгийн суваг. Энэ нь үндсэндээ зээлийн хүүг бууруулахгүй, эдийн засаг, инфляцад нөлөөлдөг. Зээлийн хүүг бууруулахгүй, эдийн засаг, инфляцад нөлөөлөх нь эргээд бодлогын хүүг өндөр байлгадаг, хувийн сектор өөрийгөө боомилдог. Энэ бол гинжин хэлхээ байсаар байгаагийн нотолгоо. Ийм учраас зайлшгүй эдийн засгийн төрөлжилтийг зоримог, хурдан, үр дүнтэй хийх, ялангуяа дээр хэлсэнчлэн үр ашигтай зах зээл, үр дүнтэй төр, хүчтэй институц гэсэн балансын хүрээнд хийхгүй бол бид эдийн засгийн тогтворгүй байдал, энэ мөчлөг дундаа байсаар байна.
Тэгвэл эдийн засгийн төрөлжилтийг хэрхэн хийх вэ?
Эдийн засгийн төрөлжилтийг хийхийн тулд бидэнд олон сонголт байхгүй. Байгалийн баялаг, уул уурхайдаа тулгуурлаж хийнэ. Байгалийн баялагт тулгуурласан хөгжлийн загвар маш хүнд замыг туулдаг.
Байгалийн баялагт тулгуурлан амжилттай хөгжихийн тулд дараах дамжлагуудыг дамжина.
1.    Байгалийн нөөцийг илрүүлэх,
2.    Байгалийн нөөцийг ашиглах: хөрөнгө оруулалт татах,
3.    Байгалийн нөөцийн орлогыг тогтвортой байлгах,
4.    Байгалийн нөөцийн орлогоор оновчтой хөрөнгө оруулалт хийх,
5.    Эдийн засгийн өсөлтийг ойлгох ёстой.
Чиглүүлэгч: Өнгөрсөн хугацаа болон одоогийн бодлогыг харсан ч манай төр бүх зүйлийг л хийх гээд байх шиг байна. Хамтарсан засаг гарч, улс төрийн орчин өөрчлөгдөж байна. Та эдийн засагчийн хувиар өнгөрсөн хугацааны алдаа болон цаашид сургамжлах зүйлийг юу гэж харж байна вэ?
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-очир: Монголын нийгэм, эдийн засагт маш олон зүйл хэрэгтэй байгаа. Аж үйлдвэржмээр байна, дэд бүтэц баримаар байна, эрчим хүчээ шийдмээр байна. Манай эдийн засгийн хамгийн том зовлон нь төлбөрийн тэнцлийн хязгаарлалт гэдэг зүйл. Бодлогын шийдвэр гаргахдаа төлбөрийн тэнцлийн хязгаарлалтыг мартаж болохгүй. Бид бүхэн экспортын орлого, өрсөлдөх чадварыг бий болгодог төслүүдээ бус орлого нь хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй зүйл рүү хөдөлбөл монголд экспортын орлого зогсонги байдалд орох нөхцөл үүснэ. Үүнээс валютын ханш сулардаг, инфляц өсөх, бодлогын хүү нэмэгдэх шалтгаан болдог. Эдгээр нь ажлын байр, эдийн засгийн хүртээмжтэй байдлын өсөлт байхгүй болох зэрэг нийгмийн асуудлууд руу шилжиж, дараагийн популист бодлого руу аваачдаг цикл байсаар байгаа.
Чиглүүлэгч: УИХ-ын гишүүн Г.Очирбатаас асууя. Бид уул уурхай гэдэг ганц том салбартай. Уул уурхай бол тулгуур, бусад нь дэмжих маягтай салбар. Та хувийн хэвшилд байж байгаад энэ жил бодлого тодорхойлогч боллоо. Тэгэхээр бид өмнөх төрөлжүүлэлтийн бодлогоо солонгоруулна гэж олон жил ярьсан. Өмнөх бодлогын үр шимийг харж, мэдэрч байсан байх. Одоо бид бодлогын хувьд яаж, ямар арга замаар явах вэ. Хамтарсан засгийн газар өмнөх замаар явах гээд байна уу эсвэл өөрчлөгдөх үү?
undefined
УИХ-ын гишүү Г.Очирбат: Монгол Улсад улстөржилт хэтэрхий их, жил бүр төсвөө нэмэгдүүлдэг. Энэ жил 20 хувь тэлчихсэн, бүх зүйлийг төрийн оролцоотой болгох гэж дайрч байгаа. Төрөөр дамжиж ААН-үүдээ дэмжих саналыг Б.Жавхлан сайд болон эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хорооны дарга нар ярьдаг. Яг үнэндээ 4800 орчим компанийг л дэмждэг. Манай улсад бүртгэлтэй 250 орчим мянган компаниас 90 гаруй мянга нь үйл ажиллагаагаа дөнгөн данган авч явдаг. 50 орчим мянга нь татвар төлөөд явж байгаа. Төртэй холбоотой, эрх мэдэлтэн, албан тушаалтантай хамаарал бүхий компаниуд тендер авдаг. Бизнес эрхэлж буй залуустай уулзахад тендэрт оролцъё гэхэд асар их шалгуур тавьдаг. Тухайн шалгуурыг нь давж гардаг компани байхгүй талаар хэлдэг. Төр ерөнхийдөө зохион байгуулалтыг нь л хийж өгөх ёстой.
Чиглүүлэгч: Хөгжлийн банкийг анх байгуулах зорилго нь эдийн засгийг солонгоруулах, экспортыг төрөлжүүлэх зорилготой, санхүүжилтийн механизм болгож үүсгэн байгуулж байсан. Тэр хүрээндээ ч Чингис бондоор дамжуулаад маш олон төсөлт хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж байсан. Одоо Хөгжлийн банк эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах тал дээр яаж оролцох ёстой вэ?
undefined
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа: Өнөөдрийн байдлаар экспортын орлогын 91 орчим хувь нь зөвхөн түүхий эдийн эдийн засагтай холбоотой. Бид өрсөлдөх өөр хүчин зүйл, аж үйлдвэржилтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу алтаа цэвэршүүлдэг, зэсээ баяжуулж чаддаг, нүүрсээрээ төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэрийг л бий болгох ёстой гэж бодож байна. Экспортыг дэмжих гэж байгаа аж үйлдвэрийг бий болгоход хэрэгтэй дэд бүтцийг санхүүжүүлэх ажил төрийн бодлогоо хийгддэг хөгжлийг санхүүжилт буюу төслийн санхүүжилтийн гол зорилго. Энэ утгаараа 2011 онд Хөгжлийн банкийг байгуулсан. Хөгжлийн банк бол зээл олгодог байгууллага биш. Харин хөгжлийн институц. Хөгжлийн институцын хувьд гангийн үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах төслүүдийг эхлүүлсэн. Харамсалтай нь, төслөө эхлэх цагаас нь дуустал төслийн удирдлага нэгдсэн зохион байгуулалтад байж чадаагүй юм билээ. Аливаа төсөл эхлээд явж байтал улс төрийн шийдвэрүүд гарна эсвэл засаг солигдоно. Ингээд эдийн засагт үр ашигтай олон төсөл гацчихсан. Тухайн зээлүүд одоо муу зээлийн ангилалд багтчихсан. Ийм алдааг дахин гаргахгүйгээр Хөгжлийн банк 14 мега төсөл, экспортыг дэмжсэн 140 төслийг дэмжиж ажиллана.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн