УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн санал дүгнэлтийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Хуулийн хугацаандаа багтаад долоон нам дүрэм, хөтөлбөртөө өөрчлөлт оруулаад Улсын дээд шүүхэд хүргүүлснээс хоёрыг нь буцаажээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: ТББХ-ноос нэг асуулт байна. УИХ-ын тухай хуулийн 46.46.5.4 зүйлд зааснаар УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл энэ хуулийн 36 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангасан эсэхийг хянах, энэ хуулийн 13.1.14 заасан тохиолдолд дүгнэлт гаргах, төслийг зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах гэжээ. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд УИХ-д өргөн мэдүүлэх журмын талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн 41.7 зааснаар УИХ-ын Тамгын газар энэ хуулийн 41.3 заасны дагуу хянаж, 41.5 зааснаар дүгнэлт гаргаж, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол УИХ-ын даргад танилцуулж, хууль санаачлагчид буцаана гэж заасан байна.
УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа энэ асуудал Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэж байгаа юу. Хоёрт, 2024 оны долдугаар сарын 1-нээс 6 сарын дотор авч хэрэгжүүлэх Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудал. Үүнд, тодорхой хугацааг хуульд зааж өгсөн. Анх 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан хууль өргөн баригдсан төслөөрөө батлагдсан. Хувийн хэргийг нь аваад үзэхээр төслийн танилцуулгад төслийг дагаж мөрдөх хугацааг огт дурдаагүй байна. Яагаад зургаан сарын хугацаа гэж тогтоосон бэ. Судалгаа байгаа юу. Гуравт, хуулийн төслийг журмын шаардлагыг хэрхэн хангаж байгаа вэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу Засгийн газраас УИХ-ын Тамгын газрын даргад бүрдүүлбэр хянахаар ирүүлсэн. Энэ төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хянасан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн тухайд нийт бүрдүүлбэр дээр 10 зүлийг шаарддаг. Үүнээс найман шаардлагыг хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, журмын дагуу хянаад, зөрчил байхгүй гэсэн үг.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: 2005 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэж олон давааг давсан. Өнгөрсөн парламент Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснийг баталсан юм. Энэ хууль сайн хууль болсон гэж харж байгаа. Олон дэвшилтэт заалтуудыг оруулсан. Намын дүрэм бол амар асуудал биш. Өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг гэх мэт олон асуудал биш. Намын дотоод зохион байгуулалт нэлээд шаардана. Цаг хугацааны хувьд аль ч улс төрийн намууд амжихааргүй байна. Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн юм уу, үгүй юм уу?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнгөрсөн Засгийн газрын үед 5Ш ажиллагаа явуулсан. Шилэн ажиллагаагаар УДШ-д бүртгэлтэй 37 улс төрийн нам, эвсэл байгаагаас 6 нам л санхүүжилтээ ил болгосон. Бусад нам нь хурлаа цаг хугацаандаа хийдэггүй, санхүүжилт нь ил тод бус байсан. Хааяа нэг идэвхиждэг. Нам институци болохгүй бол төр хүчгүй байна гэж үзээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг баталсан.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бид намын дүрмийн талаар л яриад байгаа болохоос намын хөтөлбөр гэдэг чухал баримт бичгийг орхигдуулаад байна. Тэр талаар хэн ч дуугарахгүй байгаад сэтгэл зовниж байна. Хуулийн шинэчилсэн найруулгад намын хөтөлбөр гэдгийг тухайн намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бодлогыг тодорхойлсон үндсэн баримт бичиг байна гэж заасан байгаа юм. Бид намын дүрмээр хэн яаж сонгогдох уу, үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ гэдгээ тодорхойлж байгаа бол намын хөтөлбөрөөр намын үндсэн суурь болох үнэт зүйлээ тодорхойлсон байх юм. Үүнээс болоод нэг намаас сонгогдсон гишүүдийн нэг нь бизнес дэх төрийн оролцоог багасгана гээд нөгөөдөх нь банкны хүүг бууруулна, цалин нэмнэ гэдэг зүйл яриад явж байдаг. Ер нь улс төрийн намууд үзэл баримтлалаа дагадаг байх ёстой. Жишээ нь, сая болж өнгөрсөн нэг 100 жилийн ойгоор манай намын гишүүдээс над руу ярьж одон, медаль асуусан. Одон, медаль яаж авах уу, хөөцөлдөөд өгөөч гэдэг зүйл ярьж байна. Манай нам үзэл баримтлалаараа социализмын үеийн одон, медаль ямар байр суурьтай байх вэ гэдэг тодорхой болгох ёстой. Ер нь бүтээмжээ үнэлүүлдэг ардчилсан нийгэмд амьдарч байж социализмын үеийн одон, медалиа болчихъё л доо. Одоо арванхоёрдугаар саржингаа баахан одон, медаль тараана. Засгийн газар, яамны жуух бичиг гэсэн хуурамч, үнэ цэнгүй юмыг олноор нь тараадаг. Тэрийг нь олж өгсөн УИХ-ын гишүүнээ сайн хүн гэж ойлгодог. Үүнийгээ бид одоо болих хэрэгтэй. Үүнийг болих үндсэн баримт бичиг нь намын хөтөлбөр юм. Энэ тал руу намуудыг шахаасай гэж хүсэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.