Хавдар судлалын үндэсний төвөөс арваннэгдүгээр сарыг нойр булчирхай болон уушгины хорт хавдартай тэмцэх сар болгон зарласан байдаг. ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэх төвийн их эмч Д.Цэрэндоржтой ярилцлаа.
-Манай улсад нойр булчирхайн хорт хавдрын байдал ямар байна вэ?
-Олон улсын хавдрын бүртгэлийн агентлагийн 2023 оны судалгаагаар Монгол Улсад жилд дунджаар нойр булчирхайн хорт хавдрын 150 тохиолдол бүртгэгдэж байгаа. Ер нь ямар ч хавдрын үед эрт эсвэл хожуу үедээ оношлогдож байна уу гэдэг нь хамгийн чухал. Нойр булчирхайн хорт хавдрын хамгийн төвөгтэй зүйл нь хавдрын эрт болон дунд үедээ ямар нэгэн зовуурь өгдөггүй. Хоёрдугаарт, нойр булчирхай гэдэг эрхтэн хүний хэвлийн хөндийд байрладаг байрлалаасаа шалтгаалаад урьдчилан сэргийлэх эхний шинжилгээгээр, эрт үедээ буюу жижиг байхдаа харагдахгүй байх эсвэл харахад нэн төвөгтэй байдаг. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж нойр булчирхайн хавдар 50-аас дээш хувь нь хожуу үедээ оношлогдох нөхцөлийг бүрдүүлж байна. Манай тасгийн хувьд жилдээ нойр булчирхайн хорт хавдрын мэс засал 50 орчмыг хийдэг. Бусад эмнэлгүүдэд бас нойр булчирхайн хавдрын мэс засал хийдэг.
-Нойр булчирхайн хорт хавдар юунаас шалтгаалж үүсдэг вэ?
-Нойр булчирхайн хорт хавдар үүсдэг үндсэн шалтгаан тодорхойгүй. Харин хавдар үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлүүд гэж бий. Нойр булчирхайн хорт хавдар үүсэхэд нөлөөлж буй эрсдэл хүчин зүйлийн хамгийн түрүүнд тамхи орно. Мөн дам тамхидалт нь тамхи татаж байгаатай ялгаагүй тул хорт хавдарт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн, архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг зэргээс шалтгаалаад, нойр булчирхай урт хугацаанд үрэвсэлтэй явах нь хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.