“Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд “Тогтвортой санхүүгийн форум” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлүүд болон иргэний нийгмийн төлөөлөл тэргүүтэй салбар бүрд ногоон хөгжлийг түүчээлэгчид зэрэгцэн сууж, хийж буй ажлууд, тулгамдаж буй бэрхшээлүүдээ нээлттэй хэлэлцэн, цаашдын алхмуудаа тодорхойлон, бүх талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит үр дүн гаргах нь тус форумын гол зорилго билээ. ТоС форумын хүрээнд өнөөдрийн үндсэн хэлэлцүүлгээр улс орон даяар онцгойлон анхаарал хандуулж буй хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг чухал сэдвийг тусгайлан хэлэлцэх юм.
Форумын үндсэн үйл ажиллагаанаас гадна банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, жижиг дунд үйлдвэрүүдэд зориулсан олон улсын туршлагаас суралцах, мэдлэг мэдээллээ гүнзгийрүүлэх тусгайлсан сургалт, хэлэлцүүлгүүдийг өнөөдөр Төрийн ордонд, маргааш “Шангрилла”-д тус тус зохион байгуулах бөгөөд нөлөөллийн хөрөнгө оруулалт, биологийн олон янз байдлын санхүүжилт, уур амьсгалын тайлагнал зэрэг бүх талын сэдвийг хамарч буйгаараа өмнөх жилүүдийн форумаас онцлог болж байна. ТоС форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өдгөө 3 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС холбоо), ХААН Банк (ТоС холбооны 2024 оны Манлайлагч банк) болон Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага хамтран дотоодын болон олон улсын түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй юм.