МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал эхэллээ. Өнгөрөгч 2023 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдож байсан. Гэвч тэрээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Ингэснээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн суудал эзэнгүй үлдсэн. Иймээс тус хуралдаанаар танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгох, батлах асуудлыг хэлэлцэх аж.
Ээлжит бус чуулганы эхэнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин нээж үг хэллээ.
МҮХАҮТ бие даасан бизнесийн төлөөллийн том байгууллага учраас танхимын сонгуулиа явуулна
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Юун түрүүнд хугацаанаасаа өмнө МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас хугацаанаас нь өмнө чөлөөлөгдөх болсонд та бүхнээс хүлцэл өчиж байна. 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль холимог тогтолцоогоор явагдах болсноор улс төрийн намууд сонгуулийн жагсаалтдаа иргэний нийгмийн төлөөллүүдийг урьж оруулсан. МАН-аас намайг МҮХАҮТ-ын төлөөлөл гэж жагсаалтад оруулахыг урьсан. Миний хувьд бизнесийн салбарын төлөөлөл болж бизнес эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн, хамгаалах чиглэлээр шийдвэр гаргах түвшинд ажиллах нь илүү үр нөлөөтэй гэж үзэж, энэхүү саналыг хүлээж авсан.
Өчигдөр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг танхимд ажиллахаас өмнөх ажил үүрэгтэй холбоотой үүссэн асуудалтай холбоотойгоор баривчлах үйл ажиллагаа явагдсан байна.
Бид бие даасан бизнесийн төлөөллийн том байгууллага учраас танхимын сонгуулиа явуулна. Зарим гишүүнээс Их хурлыг хойшлуулбал гэж яригдаж байсан. Тэгвэл ерөнхийлөгч байхгүй, гүйцэтгэх захирал нь баригдсан учир засаглалын хямрал руу шилжих эрсдэлтэй тул хойшлуулах боломжгүй. Одоо хэдхэн цагийн дараа танхимын ерөнхийлөгч тодорно. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн гүйцэтгэх удирдлагаа томилох эсвэл үүсээд байгаа нөхцөл байдалд дараагийн арга хэмжээнүүдийг аваад явах боломжтой гэж харж байгаа.
Дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох хүнд амжилт хүсье.