2025 оны төсвийн хуульд хориг тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийнх нь буюу ЕТГ-ын төсөв жил бүхэн өссөөр байгаа нь анхаарал татаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв одоогоос арван жилийн өмнө 5.6 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 39.7 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн төсөв сүүлийн арван жилд 7 дахин өссөн байна. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад 2020 оны төсөв 6.5 тэрбум төгрөг байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болсон жил буюу У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилийн төсөв нь огцом нэмэгдэж 13.2 тэрбум төгрөг болсон. Ингээд 2022 онд 19.7, 2023 онд 26.5, 2024 онд 29.7 тэрбум төгрөг болж, жил бүр тасралтгүй нэмэгдсээр байна. Зарлага өндөр гэж хориг тавиад байгаа 2025 оны хэт үрэлгэн,өндөр зардалтай төсвийн цаана Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв ч мөн нэмэгдсэн. Тодруулбал, 2025 оны төсөвт ЕТГ-ын төсөв 39.7 тэрбум төгрөг буюу өнгөрсөн жилийнхээсээ 10 тэрбумаар нэмэгджээ. Харин 2020 оныхоос буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2020 оны төсвөөс 33.2 тэрбумаар нэмэгдсэн байх юм.Ерөнхийлөгч төсөвт хориг тавих үндэслэлдээ ирэх оны төсөв төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэж дурдсан. Мөн төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах шаардлагатай гэж үндэслэлдээ дурдсан юм. Гэтэл нөгөө талд өөрийнх нь Тамгын газрын төсөв жил бүхэн асар ихээр нэмэгдэж ирэх жил 39.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Тамгын газрын төсвөө жил бүхэн нэмэгдүүлсээр байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсвийг үр ашигтай зарцуулах, алдагдалгүй батлуулахыг шаардаж байгаагийн цаана өөрийнхөө төсвөөс ч хасуулах ёстой. Гэхдээ Ерөнхийлөгч энэ төсвөө хасуулж чадах уу.