Open iToim app
Улс төр | 2 мин уншина

МАН, АН, ХҮН намынхан жижиг намуудыг үгүй хийх хууль баталсан гэв

МАН, АН, ХҮН намынхан жижиг намуудыг үгүй хийх хууль баталсан гэв
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 27
Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд улс төрийн намуудыг энэ ондоо багтаагаад дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Улсын дээд шүүхээр батлуулах ёстой гэж заасан.
Хуульд зааснаар намууд ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхээр батлуулах үүрэг хүлээж байгаа юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 2028 он хүртэл хойшлуулахыг дэмжсэн. Тэгвэл өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөл Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах ёстой хэмээн мэдээлэл хийлээ. Улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг 2028 он хүртэл хойшлуулах санал гаргаад байгаа юм.
Иргэний зориг ногоон намын дарга А.Батбаатар: Монгол Улсад улс төрийн 37 нам үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэх Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн намын бүртгэлийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байгаа. 2024 он бол сонгуулийн жил байсан. Сонгууль дөнгөж дуусаад улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж байна. 2023 он долдугаар сарын 7-нд тус хуулийг батлахдаа тухайн үеийн парламентад байсан гурван нам өөрсдийн эрх ашигт нийцүүлж, бусад намын үйл ажиллагаа явуулах, эвсэж нэгдэх, улс орны төлөө зүтгэх боломжийг хаасан хуулийг баталсан.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: Төрийн эрх барингуутаа бусдыг дорд үзэх хууль, дүрэм журам баталж, юу ярьж, хэлэхийг зааварчилж байна. Иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулдаг болохоос төрийн тогтоол шийдвэрээр нам байгуулдаггүй юм. Ер нь энэ Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг эргэж харж үзэх хэрэгтэй юм билээ. Энэ олон гудамжинд байгаа намууд хэнд, ямар муу юм хийсэн юм бэ. Нийгмийн болох, болохгүй юмыг л шүүмжилж ярьдаг байх. Хуулийн хэрэгжилтээ хойшлуулаад энэ хугацаанд дахин хуулиа сайн ярилцах хэрэгтэй.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн