“Та мэдэх үү” булангийнхаа энэ удаагийн дугаарт Улаанбаатар зочид буудлын барилга, архитектурын түүхэн дурсгалт барилгыг Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаярын тайлбарласнаар онцлон, хүргэж байна.
Өнөөдөр Монголын анхны Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой тохиож байна. Одоогоос 100 жилийн өмнө 1924 оны арваннэгдүгээр сарын 8-28 хүртэл нийтдээ 16 хоног хуралдсан. Ингэхдээ 14 дахь хурлаараа буюу арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Тиймээс Монгол Улс түүхэндээ анх удаа хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалтай болсон. Үндсэн хуулиар олон асуудлуудыг шийдсэн байдаг. Түүний нэг нь Үндсэн хууль батлахаас хоёрхон цагийн өмнө Нийслэл хүрээнийхээ нэрийг өөрчилье гэдэг санаачилгыг төлөөлөгчид гаргаад, хэлэлцсэн. Тухайлбал, сүүлд Ерөнхий сайд болсон П.Гэндэн гуай Нийслэл хүрээний нэрийг өөрчилж, Нийслэл хот гэе гэж санал гаргасан байдаг. Гэтэл хурлын дарга, Ерөнхий сайд Б.Цэрэндорж босоод, нийслэл нь нийслэл, хот нь хот ямар нэртэй байх юм бэ гэсэн. Ингээд Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх санал хэлэлцэгдээд, төлөөлөгчид Баатар хот гэдэг нэр дээр тогтсон. Оросын комитерний төлөөлөгч Т.Рыскулов улаан гэдэг үгийг нэмээд, Улаанбаатар гэж нэрлэвэл ямар вэ гэж санал гаргасан. Тэгээд төлөөлөгчид дахин хэлэлцээд, Улаанбаатар гэж нэрлэх нь зүйтэй гэж тохирсон.
Улсын Анхдугаар хурал намын төв хорооны нэгдүгээр давхарт төв клубийн байранд болсон. Энэ газар нь одоогийн Улаанбаатар зочид буудлын суурь юм. Улаанбаатар зочид буудлын суурин дээр хоёр давхар барилга байсан. Нэг нь 1909 онд баригдсан Самдаа амбаны барилга байгаа. Энэ барилгад 1921 оны долоодугаар сарын 10-нд ардын төр засаг, намын төв хороо цуг байрласан. Дараа нь 1923 онд энэ барилгын чанх баруун талд нь намын төв хорооны хоёр давхар барилга баригдсан. Тухайн хоёр барилгыг 1951 онд Засгийн газрын шинэ ордон баригдаад, 1959 онд буулгаж, суурин дээр нь 1959-1961 оны хооронд Улаанбаатар зочид буудлыг барьсан түүхтэй. Улаанбаатар зочид буудлын барилга бол Монгол Улсын орчин цагийн модерн загвартай буюу модернизмын үеийн төлөөлөл болсон анхны барилгуудын нэг. Тодруулбал, 1961 онд Монголын орчин цагийн буюу модерн хэв шинжтэй анхны томоохон гурван барилга баригдсан байдаг. Түүний нэг нь Улаанбаатар зочид буудлын барилга. Үүнийг Монгол Улсын анхны архитектор Буджавын Чимэдийн зураг төслөөр хийж, хятад ажилчид барьсан. Энэ барилгаараа Б.Чимэд гуай шагнал хүртсэн. Яагаад гэвэл Монголын уламжлалт сүм хийдийн архитектурыг орчин үеийн архитектурын барилга болгож, хэв шинжийг өөрчилсөн гэдгээрээ шагнал авсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар зочид буудлыг урдаас нь харвал дээвэр нь хоёр талдаа дээшээ болсон, дунд талдаа сүм хийдийн гон маягийн зүйлийг хэлбэрээр нь гаргасан, хуваалттай маш гоё хийцтэй барилгыг хийсэн. Энэ бол орчин цагийн Улаанбаатар хотын маш гоё өнгө төрхтэй барилга. Улаанбаатар зочид буудал модерн загвартай боловч сүм хийдийн загварыг оруулснаараа Монголын үндэсний барилга гэнэ. Дээрээс нь Үндсэн хуулийг баталсан, Улаанбаатар гэж нэрлэсэн түүхэн газар баригдсан. Тийм учраас зочид буудлын нэрийг түүнтэй холбоод, Улаанбаатар гэж нэрлэсэн. Улаанбаатар зочид буудал нь тухайн цаг үед баригдсанаараа Монгол Улсын хоёр дахь том зочид буудал байсан. Барилгын хэмжээгээр бол Монголын анхны хамгийн том бөгөөд таван одтой зочид буудал.
Харамсалтай нь, 2021-2022 онд энэ барилгын фассадыг нь шинэчилсэн. Ингэхдээ неоклассикийн чимэглэлийг модерн барилга дээр хийж маш том ёс зүйн алдаа гаргасан. Улаанбаатар зочид буудлын барилга бол Б.Чимэд гуайн оюуны бүтээл. Иймээс пассатыг нь шинэчилсэн архитектор ёс зүйн хувьд маш том алдаа гаргасан. Хоёрдугаарт, барилга гэдэг орон зайн маш том урлагийн бүтээл. Улаанбаатар зочид буудал МУБИС-тай, урагшаагаа Зориг сангийн барилга буюу Монголын анхны их сургуулийн барилгатай ансамбль болж байгаа. Гэтэл яагаад энэ барилгыг өөрчилж байгаа юм бэ гэдэг зүйл яригдаж байна. Үүний цаана бид архитектур гэж юу вэ, манай Монголд неоклассик, модерн хэзээ орж ирсэн, энэ хэв шинжүүдийг Монголд үндэслэсэн хүн хэн юм бэ, орон зайтайгаа хэрхэн зохицож байна гэдгийг мэдэхгүйгээс болж барилгын анхных нь дүр төрхийг өөрчилдөг асуудал гарч ирдэг. Цаашид бид Улаанбаатар зочид буудлын алдааг давтаж гаргахгүйн тулд хичээх хэрэгтэй. Улаанбаатар зочид буудал энэ гоё барилгыг анхных нь дүр төрхөөр, Монголын анхны модерн хэв шинжтэй архитектурыг хадгалж байгаа өв гэдгээр нь харах ёстой. Монголын анхны архитектор Б.Чимэд гуайг бид хүндлэх хэрэгтэй. Иймд Улаанбаатар зочид буудлын барилга бол бидний хайрлах, хамгаалах, ирээдүйд өвлөн уламжлуулах ёстой архитектурын үнэт өв.