Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, шинэ үзүүлбэрийг найруулан урын санг баяжуулан Монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралтыг хийж, дэлхий дахинаа сурталчлан таниулж, циркийн урлагийн үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, Монголын циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан "Хүн сарнай" уран нугаралтын төвийн тэргүүн, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Бэгзсүрэн Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор шагналаа.
УРАН НУГАРААЧ БЭГЗСҮРЭНГИЙН НОРОВСАМБУУ нь 1948 онд Завхан аймгийн Санмаргац суманд төрсөн. Бэгзсүрэнгийн Норовсамбуу нь Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, XX зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач эмэгтэй.
Б.Норовсамбуу нь бага насандаа сумынхаа сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд Улсын циркийн урилгаар Улаанбаатар хотод ирж 10 жилийн тавдугаар сургуульд суралцангаа циркэд УГЖ /хожим ардын жүжигчин болсон/ Т.Цэнд-Аюуш багшид шавь орж уран нугаралт заалгаж дагалдан жүжигчнээр ажиллаж, урлагийн алдарт замаа эхэлжээ.
Тэрээр 1959 оны шинэ жилээр циркийн манежид анх гарч, 1960 оноос мэргэжлийн жүжигчин болсон байна. 1966 онд 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд МУИС-д англи хэлний ангид элсэн суралцаж төгссөн байна. Суралцангаа жүжигчний ажлаа хийсээр, 1960-1970 онд Монголын төдийгүй дэлхийн уран нугаралтын хамгийн шилдэг жүжигчний нэг болсон ажээ. Гурван комбинац, үндсэн 21 трюк, 10 холбоосоос бүрдсэн уран нугаралтын эквилибр каучукийн шинэ төрлийг бүтээсний гадна толгойдоо шилэн сав тогтоон өрөөсөн гар дээрээ мушгимал зогсолт хийх зэрэг сонгодог олон трюк бий болгож нугаралтынхаа үзүүлбэрийг баяжуулан уран сайхны өндөр түвшинд хүргэсэн байна. Дэлхийн 45 орны 100 шахам хотод уран бүтээлээ толилуулж, Монголын уран нугаралтын гайхамшгийг үзүүлжээ.
Б.Норовсамбуу нь 1980-аад оны дундуур циркийн сургуульд багшилж олон залуу уран нугарагчдыг сурган хүмүүжүүлж “Бурханы суудал”, “Чуулган”, “Бандизоо”, “Уран сэтгэмж”, “Аалз” зэрэг үзүүлбэрүүдийг бэлтгэж тоглуулсан нь дотоод, гадаадад ихэд үнэлэгдэж, олон улсын циркийн наадмуудын олон шагнал хүртэж байжээ.