Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Газрын тусгай зөвшөөрлийг шалгана. Хүндээ байна уу, тогтолцоондоо байна уу гэдгийг гаргаж ирнэ. Муу тогтолцоотой бол бурхан шиг хүн очоод ч нэмэргүй шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдаас 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр 01 дугаартай албан даалгавар өгсөн. Үүнд, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргаж, Засгийн газрын гишүүд буюу сайд нарын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг байя, яамдын гаргаж буй ажлын үр дүнг үнэлж, уялдуулдаг байя гэсэн. Энэ албан даалгаварт хяналт тавих үүргийг Э.Одбаяр сайдад өгсөн.
Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх тогтоол 2018 онд гаргаж байсан. Тухайн үеийн Засгийн газрын бүтэцтэй уялдаж хийгдэж байсан гэсэн үг. Гэтэл одоо 2020-2024 он гээд шинэ Засгийн газар бүрдэж, 2024-2028 он эхлэх гэж байтал шинэчлэгдэж чадаагүй. Засгийн газар шинэ бүтцээр ажиллах гэтэл нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр ажлаа үнэлдэг нь зүйл нь 2018 оныхоор байна. Судлаад үзэхээр Байгаль орчин, уур амьсгалтай холбоотой бүх үзүүлэлтийн хугацаа нь дуусчихсан байна лээ. Үүнийг шинэчлэх ажил хийгээгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам дээр үзүүлэлтийг шинэчилж байна. Бусад яам дээр хийгээгүй. Ирэх сард бүх яамны ТНБД нарыг хүлээн авч уулзана.
Засгийн газар, яамд өөрсдийгөө үнэлдэг, дүгнэдэг. Хэн ч өөртөө муу дүн тавихгүй. Харахад өндөр үнэлгээ аваад байдаг. Бодит байдал дээр иргэдийн сэтгэл ханамж, төрийн хүртээмжтэй байдалд ахиц гардаггүй. Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92-98 хувьтай байна гээд байдаг. Гэтэл иргэдийн төрд итгэх итгэл тэр хэмжээнд байх ёстой ч харамсалтай нь эсрэгээрээ байна. Ийм маягаар явж ирсэн учраас яамдыг үнэлдэг шалгуурыг гаргах ёстой. Ингэхийн тулд олон улсын индексүүдийг ашиглана. Жишээлбэл, авлигын индеск байна. Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 180 улсаас 121-д жагсч байна. Бид авлигатай тэмцээд үр дүн гардаггүй. Энэ ганцхан Авлигатай тэмцэх газрын үүрэг биш. Бүх яам энэ индексийг бууруулахад оролцож, тайлагнана.