УИХ өнгөрсөн баасан гарагт 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт нийт есөн удаа хориг тавьж байсан бөгөөд үүний зургаан нь бүхэлд нь тавьсан хориг байж. Гэхдээ парламент төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өмнө нь нэг ч удаа хүлээж авч байгаагүй юм байна. 126 гишүүнтэй анхны парламент төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг зохицуулсан заалт холбогдох хуулиудад байхгүй гэдгийг өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд ч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ч хэлж байсан. Тиймээс УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн яаж хэлэлцэх нэг удаагийн дэгийг тогтоолоор боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Тус тогтоолыг УИХ баталж тус дэгээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд явахаар болсон. Тиймээс ирэх лхагва гарагт УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороо хуралдаж хориг хэлэлцэх нэг удаагийн дэгийг боловсруулан чуулганд танилцуулж, хориг хэлэлцэх дэгээ баталж байж хоригоо хэлэлцэх нөхцөл үүслээ. Түүнчлэн хуульд Засгийн газар төсвийн хууль өргөн барьж, УИХ хэлэлцэн батална гэж заасан. Гэтэл Ерөнхийлөгч төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьчихаар Засгийн газрын оролцоогүйгээр төсвөө хэлэлцэн батлах нөхцөл үүсээд байгаа юм. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр гишүүд ажлын хэсэгт Засгийн газрынхныг оруулж, Засгийн газартайгаа ярилцсаны үндсэн дээр төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. 126 гишүүнтэй парламентын анхны баталсан төсөв араасаа олон үр дагавар бий болгов. Хэлэлцэх дэггүй, нэг удаагийн дэг баталж, төсвөө хэлэлцэх бөгөөд мөн Засгийн газрын оролцоогүй төсвийг УИХ батлах нь.