Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 2024 оны 46-р долоо хоногийн байдлаар алаг, цог дэгдэлтийн үед байна. Нийслэлийн хэмжээнд амбулаториор 132400 үзлэг хийгдсэнээс 8800 орчим тохиолдол бүртгэгдсэн. Ингэхээр нийт үзлэгийн 6.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 11097 дуудлага ирснээс 13.7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Дарханд хийсэн сорьцоос томуугийн А хүрээний вирус илэрсэн. Тийм учраас томуугийн тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй байгаа. Иргэд амны хаалт зүүхгүй байгаагийн улмаас агаарын бохирдолд өртөж, томуу томуу төст өвчин, багтраа, цусны даралт ихсэх, уушги, элэгний хавдар зэрэг өвчин тусах эрсдэлтэй байна. Түүнчлэн, удаан хугацаагаар агаарын бохирдолд өртсөнөөс сэтгэл гутрал, тэнэгрэл зэрэг өвчинтэй болох эрсдэлтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор уур, уцаартай, сэтгэл гутралтай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Нарийн ширхэгт тоос амьсгалын замаар нэвтрэн, уушгины хамгийн жижиг хэсэг дээр очоод, цусны судас руу нэвчиж орж, дархлааны эсүүд өвчин үүсгэгчийг устгах чадварыг үгүй болгодог. Агаарын бохирдол нь ургийн өсөлт зогсоох, аутизм өвчинтэй, төрөлхийн бодисын солилцооны гажигтай болгох зэрэг олон эрсдэл үүсгэдэг. Мөн 0-5 настай хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь агаарын бохирдол байна. Дэлхий дахинд нийт нас баралтын 8 хувийн шалтгаан нь агаарын бохирдол юм. Сэхээний тасаг болон яаралтай тусламжийн тасагт амьсгалын замын өвчнөөр очиж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Агаарын бохирдлоос болж хүүхдүүдийн уушгины өсөлт зогсож байгаа. Түүнчлэн, насанд хүрэгчдийн уушгины үйл ажиллагаа алдагддаг. Мөн нарийн ширхэгт тоосонцор хүний арьсыг гэмтээж, эрт хөгшрүүлдэг. Агаарын бохирдол ихтэй хотуудад эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа болон нас барсан хүмүүсийн өвчлөлд агаарын бохирдлын хүчин зүйл өндөр хувийг эзэлж байгаа нь судалгаагаар нотлогдсон. Сүүлийн 9 жилийн дунджаас харахад 10,11, 12, 1, 2, 3 сард нарийн ширхэгт тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл ДЭМБ-ийн зөвлөмжөөс 14 дахин өсдөг. Тэгэхээр энэ саруудад гадаад болон дотоод орчинд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Мөн агаар сэлгэлтийг тогтмол хийх ёстой. Амны хаалтаа зүүх боломжгүй тохиолдолд иргэд ноосон болон ноолууран ороолтоороо ам, хамраа хамгаалж байхыг зөвлөж байна. Өвлийн улиралд гадна болон дотоод орчинд амны хаалт зүүхгүй байх нь нэг талын амиа хорлолт шүү гэдгийг анхааруулъя. Иймд амны хаалт зүүхийг уриалж байна.
ЭХЭМҮТ: ЭХЭМҮТ-д уушгины хатгалгаа болон хүндрэлээр 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэрээр хэрхэн хүүхдээ асарч, сувилах талаар зөвлөмж мэдээллийг хүргэхийг зорьж байна. Эмч нарын зүгээс хүүхдэдээ гэртээ бэлтгэсэн шингэн зүйлийг тогтмол уулгах хэрэгтэй. Харин лаазалсан шингэн, чихэрлэг ундаанаас татгалзах хэрэгтэйг зөвлөж байна. Халуурч байгаа хүүхэд хоол ундандаа муудаж, уйлагнана. Тэгэхээр хүүхдэдээ бага багаар шингэн өгч, ердийн хэмжээгээр нь хоол өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурсан, амтлагтай хоол хүнснээс илүү халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Мөн хүүхдээ 21.00-22.00 цагийн хооронд тогтмол цагт унтуулах нь чухал. Түүнчлэн, нас насанд тохирсон дасгал хөдөлгөөн хийлгүүлэх хэрэгтэй. Хэрэв онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, гар их хүрдэг хэсгийг ариутгах шаардлагатай.