Маргааш буюу энэ сарын 26-нд “Сэр залуус аа” нэртэй жагсаал цуглаан болно гэх эзэнгүй зар ойрноос цахим орчинд хүчтэй түгж байна. Аливаа жагсаал цуглаан тодорхой зохион байгуулагчтай, улс төр ашиг сонирхлын тодорхой зорилго чиглэлтэй байдаг. Эсвэл төр засгийн буруу бодлого шийдвэрээс шалтгаалан олон нийтийн бухимдал цөхрөлөөс аяндаа үүсдэг.
Тэгвэл энэ удаагийн жагсаал чухам аль нь вэ? УИХ хэт данхар үрэлгэн төсөв баталсан, утааны улирал эхэлсэн, нийслэлд автомашины дугаар шинээр олгохыг хязгаарласан, эрчим хүчний үнэ нэмэгдсэн, ЭМД-ийн сан эрсдэлд орсон, хүүхдүүдэд Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг вакцин хийхтэй холбоотой олон нийтийн дунд сөрөг мэдээлэл тархсан зэрэг цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалан нийгэм ихээхэн бухимдалтай байгаа нь үнэн. Дээр нь монголчуудын хамгийн том асуудлууд өвлийн улиралд улам илүү тодорч, урин дулаан цаг болохоор найр наадам амралт зугаалга гээд мартагддаг учраас нэг ёсондоо жил жилийн өвөлд жагсаал болох нь ерөнхийдөө хэвийн үзэгдэл шахуу болсон. Энэ долоо хоногт албан бусаар товлогдоод байгаа жагсаал яг органик тэмцэл мөн эсэх нь эргэлзээ дагуулж байна. Яагаад гэвэл нийгмийн хүчин зүйлээс илүү улс төрийн нөхцөл байдал ийн эргэлзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн жагсаал одоогоос хоёр жилийн өмнө өрнөсөн “Нүүрсний хулгайн эсрэг” нэртэй жагсаалаас ч илүү зохион байгуулалттай болж мэдэхээр байгаа юм.
Ингээд олныг үл нуршин улс төр талдаа ямар шалтгаанууд байгааг товч дурдъя.
Хотын мээр ба Х.Баттулга нарын зөрчил
НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын баг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга хийгээд түүний тойрон хүрээлэгч залуусын дургүйг хамгийн их хүргэсэн. Энэ бол хотын мээрийг хорхойтой араанд зуугдах олон том шалтгааны ердөө нэг нь. Тэрээр өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа ч Ерөнхийлөгч Х.Баттулгын шарыг малтаж, хорыг хөдөлгөх үг үйлдэл цөөнгүй гаргаж, хариуд нь хатуухан сануулга авч байсан удаатай. Тиймээс “УИХ-ын гишүүн Х.Баттулга ба түүний нөхдийн зүгээс энэ өвлийн жагсаал цуглааныг идэвхтэй дэмжиж, гол байг хотын удирдлага руу чиглүүлэх сонирхолтой байгаа” гэх чимээ ч түгээмэл байна. Нэр дурдагдсан хоёр улстөрчийн хооронд айхавтар том өс хонзон биш ч арсалдах ойр зуурын шалтгаан байгаа нь үнэн. Гэхдээ муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг юм бүхний ард Х.Баттулга байдаг гэх яриа одоо явуургүй болжээ.