Open iToim app
Нийгэм | 7 мин уншина

IFPIM Монгол хөтөлбөр: Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх шинэ алхам

IFPIM Монгол хөтөлбөр: Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх шинэ алхам
Төрбаяжих АМАРЖАРГАЛГанхуяг ХЭРЛЭН

Нийтэлсэн:   35 минутын өмнө

“Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан”, "Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв НҮТББ"-ээс зохион байгуулж буй “IFPIM Монгол” хөтөлбөрт хамрагдсан редакцууд үр дүнгээ хуваалцлаа.
Тус хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийтийн эрх ашгийн төлөө ажиллахад тулгарч буй саад бэрхшээлүүдийг даван туулахад шаардлагатай санхүүжилт олгох юм. Өнгөрсөн онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 88 дугаар байрт жагсаж байсан бол энэ онд 21 байраар ухарч 109-д бичигдсэн. Мөн дэлхий даяар мэдээлэл олж авах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх хумигдсаар байгаа нь тус хөтөлбөрийг эхлүүлэх гол шалтгаан болжээ.
“IFPIM Монгол 2023” хөтөлбөрт NTV телевиз, Зууны мэдээ сонин, iToim.mn, Ub.life.mn, Gragh.mn, Lemonpress.mn гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд шалгарч, 2023 оны сүүлээс хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд гурван жилд хэрэгжүүлэх зорилго, зорилтоо тодорхойлж түүндээ хэрхэн хүрэх стратеги төлөвлөгөөгөө баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийтлэг зорилт нь нийтийн ашгийн төлөөх контентын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Ингээд дээрх байгууллагууд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэл, сорилт, ололт амжилтынхаа туршлагыг хуваалцлаа.
quote photo
Б.Дуламхорлоо: Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэрхэн ойлгомжтой, тодорхой, ёс зүйгээ алдахгүйгээр авч явах вэ гэдгийг эрүүлээр ярьж чаддаг боллоо
Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн үүсгэн байгуулагч, “IFPIM Монгол” хөтөлбөрийн хамтрагч Б.Дуламхорлоо: Хэвлэл мэдээлэл бол бизнесийн байгууллага гэхээр буруу юм шиг, сэтгүүл зүйг мөнгө төгрөгтэй хольж хутгах гээд байгаа ч юм шигээр ойлгодог байсан нь өөрчлөгдчихлөө. Хэвлэл мэдээллийн байгууллагад хүн ажиллаж, зардал гарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Харин тухайн зардал сэтгүүлчдийн сэтгэлийн хат дээр л яваад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр цаашид үүнийг өөрчилье. Илүү ойлгомжтой, тодорхой бөгөөд ёс зүйгээ алдахгүйгээр хэрхэн энэ бизнесийг эрхлэх вэ гэдгийг эрүүлээр ярьж чаддаг боллоо. Жишээ нь, Улаанбаатарын хамгийн түгжрэлтэй хэсэгт амьдардаг хүмүүс, эсвэл бүтэн цагаар ажил хийдэг, бага насны хүүхэдтэй ээжүүд рүү чиглэх зэрэг нийгмийн төлөөлөл бүрийн асуудлыг гаргасан, хөндсөн контент үйлдвэрлэдэг бол сайн, энэ өөрөө шинэ хандлага.
Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын редакцын бодлогыг бид хөндлөнгөөс тодорхойлж болохгүй. Энэ удаагийн хөтөлбөрөөр жишээлэхэд, гол нь нийтийн эрх ашгийн төлөөх контентыг л дэмжих зорилготой. Харин нийт гэдэгт Монголын бүх хүн ам орохгүй. Ялгаатай хэрэгцээт нийгмийн нэг бүлэг хэсгийг нийт гэж тодорхойлно.

quote photo
UB Life: Бид өөрийн гэсэн "араншинтай" контентуудаар дамжуулж залуучуудад мэдээлэл хүргэдэг
Gereg & Ublife” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Тэгшжаргал: Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжих олон улсын хөтөлбөрт шалгараад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Хөтөлбөрт шалгарах бэлтгэл мөн нэг жил орчмын хугацаа байсан. Тэгэхээр хоёр жил бид хамт явж байна гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний нэг жилийн хугацаанд тодорхой үр дүнгүүд гарсан. Өөрсдийн асуудал болон боломжуудыг эргэж харсан ч гэсэн тэр сурах, өөрчлөх зүйл их байна. Бидэнд хэд хэдэн асуудал тулгарсан. Эхнийх нь, бид нийтийн эрх ашгийн төлөөх контентуудынхаа давтамжийг нэмэх ёстой юм байна. Манайх залуучуудад зориулсан сайт. Залуучууд сонин уншдаггүй байсан бол одоо сайтуудыг ч уншихаа больж эхэлж байна. Ингээд бид залуучууд хаанаас, ямар платформоос мэдээлэл авч байгааг судалсан. Залуус ихэвчлэн юүтүб, инстаграм, тикток гэх платформуудаас мэдээлэл авч эхэлж байгаа. Ингээд бид залуусын хэрэглэдэг эдгээр платформуудад контент бэлтгэх ёстой юм байна гэдгийг олж харсан. Үүнд чиглэсэн төлөвлөгөө, зорилготой ажлуудыг хийж, үр дүн нь ч харагдаж байгаа. Бид энэ жил анх удаа тиктокийн булан гаргаж үзсэн. Үр дүн сайн байгаа.
Манай залуус хамгийн их үздэг “Та ямар дуу сонсож байна вэ” контент хамгийн их үзэлттэй, хандалттай байдаг. Бид хэлбэр дээр нь нийтийн эрх ашгийн төлөөх, улс оронд болж буй чухал асуудлуудаа эдгээр платформуудаар дамжуулж нийтэд хүргэх туршилтууд хийсэн. Үр дүн ч тун сайн байгаа. Мөн манай байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэлээд их өөрчлөлт гарсан. Хүний нөөц, цаг хугацаа гэх мэт бүх зүйлээ зөв ангилаад, дотоод ажилчдаас судалгаа авах, ажлуудаа хуваарьт оруулах гэхчлэн үйл ажиллагааны өөрчлөлтүүд хийсэн. Нэг жилийн хугацаанд бүх зүйл хүссэнээр болоогүй ч тодорхой өөрчлөлтүүд гарсан байна. Хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Бидэнд дахиад хоёр жилийн хугацаа байна. Үүнээс цааш бид өөрсдийнхнөө үйл ажиллагаанд илүү их өөрчлөлт хийж, тогтвортой, хүчтэй редакц байж чадах юм байна гэдэг урам зориг, итгэлийг авч байгаа. Ublife-ийн онцлог бол бид анхнаасаа залууст зориулсан мэдээллийн хэрэгсэл байна гэх зорилготой. Ингэхдээ бид өөрийн гэсэн араншинтай контентуудаар дамжуулж залуучуудад мэдээлэл хүргэнэ гэсэн зорилготой эхэлж байсан. Энэ чигийнхээ дагуу ч явж байгаа.
quote photo
iToim.mn: IFPIM Монгол хөтөлбөрт хамрагдсанаар бидний өдөр тутмын төлөвлөгөө сайжирч, нийтийн эрх ашгийн төлөөх контентын тоо нэмэгдэж байна
iToim.mn сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг: Сэтгүүлчдэдээ үндсэн цалингаас гадна яаж нэмэлт урамшуулал олгох вэ, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх вэ, хувь хүний хөгжилд нь хэрхэн анхаарах вэ зэргийг гурван жилийн хөтөлбөртөө тусгасан. Хөтөлбөрт хамрагдсанаар бидний өдөр тутмын төлөвлөгөө сайжирч, үйл ажиллагаа илүү ойлгомжтой болж, үүнийг дагаад нийтийн эрх ашгийн төлөө контентын тоо, чанар сайжирч байна. Бид урван жилийн дараа юунд хүрэхээ тодорхойлж, улмаар тодорхой тоонууд бүхий стратеги төлөвлөгөө баталсан. Тухайн төлөвлөгөөндөө өдөр тутмын үйл ажиллагааг нийцүүлж мөн үр дүнгээ хэмжиж явж байна. Хэмжиж буй нь ихээхэн онцлог. Контент маань хэр олон хүнд хүрэв, улмаар эерэг ба сөрөг ямар нөлөө үзүүлэв гэдгийг тогтмол хэмжих жишээтэй.
Төсөлд хамрагдсанаар нийтийн эрх ашигт үйлчилсэн контентын тоог нэмж, шууд хандалт бүхий уншигчдаа хэрэглэгч болгохоор зорьсон. Тэдгээр хэрэглэгчийг бүртгэж, санал хүсэлтийг нь авч, үйл ажиллагаандаа тусгах гэж хичээсэн. Мөн бүртгэлтэй хэрэглэгч нараасаа санхүүжилтийн тодорхой хувийг бүрдүүлдэг болж, санхүүгийн эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьсон. Нөгөө талд “Google Analytic” зэргээс авсан дата мэдээллүүдээ сайтар ашиглаж сурч байна.
iToim агентлагийн давуу тал бол үйл явдал бүрийн араас явдаггүй. Харин тухайн үйл явдлын цаана нь юу өрнөж байна вэ гэдэгт илүү төвлөрч, эх сурвалжаас нь тоймолж, мэргэжлийн түвшний мэдээлэл, дүгнэлтийг олон нийт хүргэдэг аналитик сэтгүүл зүй хөгжүүлэх үндсэн зорилготой.
Манай редакцад хүний нөөцийн асуудал бусдын адил тулгамддаг. Хүний нөөцөө тогтворжуулж, тогтоон барихын тулд KPI үнэлгээний систем нэвтрүүлэхээр зорьсон. Энэ маань амжилттай болбол туршлагаа хуваалцах боломж үүсэх болов уу гэж харж байна. Сэтгүүлчдэдээ үндсэн цалингаас гадна яаж нэмэлт урамшуулал олгох вэ, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх вэ, хувь хүний хөгжилд нь хэрхэн анхаарах вэ зэргийг гурван жилийн хөтөлбөртөө тусгасан.
quote photo
ЗУУНЫ МЭДЭЭ: Бид адил, тэгш зарчмаар ажилладаг
Зууны мэдээ сонины редактор Д.Оюунчимэг: Зууны мэдээ сонин IFPIM-ийн төсөлд дөрвөн зуун байгууллагаас гурван шатны шалгаруулалтаар өдөр тутмын сонины төлөөлөл болоод энэхүү төслийн багийн нэг гишүүн нь болсон. Энэ төсөл хэрэгжсэнээр Зууны мэдээ сонин уламжлалт цаасан хэвлэлийг цахим руу шилжүүлэхийг гол зорилгоо болгосон. Үүний тулд бид ямар шинэчлэлт хийх, юунд түлхүү анхаарах талаараа маш сайн тодорхойлоод ажиллаж байгаа. Бидний тавьсан зорилтууд нэг жилийн хугацаанд сайн хэрэгжиж, шат ахисан.
“IFPIM Монгол” хөтөлбөрт хамрагдсанаар манай ажлын дотоод нөхцөл, ажилчдын ажилдаа хандах хандлага нь эрс өөрчлөгдсөн. Ер нь бид илүү бүтээмжтэй, мэргэжлийн, нягт түвшинд ажиллах ёстой юм байна. Зууны мэдээ сонин нас насны бүлгээс хамаарсан, нэлээд олон төлөөллийг хамруулж ажилладаг. Тийм ч учраас ахмад үе юм чинь илүү чадвартай байх ёстой гэдэг биш адил тэгш зарчмаар ажилладаг. Энэ оны нэгдүгээр сараас эхлээд эрэн сурвалжлах цуврал нийтлэл гаргаж эхэлсэн. Нийтлэлүүдийн хүрээнд нэлээд үр дүн, ахиц гарсан. Энэ төсөлд хамрагдсанаар аливаа зүйлийг илүү далайцтай хараад, яавал илүү мэргэжлийн байх вэ гэдэгт анхаарал хандуулах болсон. Саяхан манай хамт олон JTI гээд олон улсын итгэлцлийн сертификат гардан авсан Монголын анхны хэвлэл мэдээллийн байгууллага болсон. Үүнийг авснаар манай хамт олон илүү олон улсын стандарт нийцүүлэн ажлын бүтээмж, үйл ажиллагаагаа сайжруулна.
quote photo
NTV телевиз: Бүх талдаа тэнцвэртэй, мэргэжлийн байхыг хичээдэг
“Media Group” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баярбат: Манай NTV телевиз энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 3-5 жилийн хугацаанд стратегийн түвшинд алсын хараагаа тодорхойлох, байгууллагынхаа үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд анхаардаг болсон. Хоёрдугаарт, бизнесийнхээ үйл ажиллагааг аль болох тоо руу хэрхэн хөрвүүлэх, тоогоор яаж илэрхийлэх вэ гэдгийг сурсан. Гуравдугаарт, өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн байх хандлагыг сурсан байна. NTV телевиз бүх талдаа тэнцвэртэй байдлыг барьж ажилладаг. Мэргэжлийн байх хандлагыг аль, аль түвшинд авч явахыг хичээдэг.
quote photo
Graph.mn: Олон нийтийн хандиваар санхүүгээ тогтворжуулж, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхээр ажиллаж байна
Graph.mn сайтын ерөнхий редактор Н.Саруулдөл: Хөтөлбөрт хамрагдсанаар манай хүний нөөц маш тогтвортой болоод зогсохгүй хоёр дахин нэмэгдсэн. Түүнчлэн, Graph.mn сайтын орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 2024 оны эхний гурван улирлын байдлаар 43 хувь өссөн байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хамтын ажиллагаатай байгууллагуудынхаа тоог нэмж чадсан. Мөн нийтийн эрх ашгийн контентуудын гаралт тав дахин нэмэгдсэн зэрэг сайн үзүүлэлттэй байгаа. Манайх энэ хөтөлбөрийн хаалт болоход 40 мянган хандив цуглуулах ёстой. Иймд сайтдаа QR код байршуулсан байгаа. Хэрэв QR кодоор хандив өгвөл хараат бусаар үйл ажиллагаагаа эрхлэх боломж улам нэмэгдэнэ. Эргээд тухайн хандивын мөнгө юунд зарцуулагдсан нь нээлттэй тайлан болох учраас та бүхэн итгэж болно. Бид залууст мэдээлэл хүргэхдээ тэдний хэлээр хүргэхийг зорьдог. Ингэхдээ хэлбэр, хийцээрээ тодотготгож гаргадаг нь бидний онцлог.
quote photo
Lemon Press: Практик, тоонд суурилсан үнэн бодит мэдээллийг бэлтгэх гэж хичээж ажилладаг
Lemon Press сайтын гүйцэтгэх захирал Ц. Анхбаяр: Манай компани энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа гаргасан хамгийн том ахиц, дэвшил бол өөрсдийн зорилгыг гурван жилээр тодорхойлсон. Хэдийгээр өмнө төлөвлөлт хийдэг байсан ч гурван жилийн хугацаанд стратегийн түвшинд тодорхойлох нь маш том сорилт байсан. Бид практик тоонд суурилсан үнэн бодит мэдээллийг бэлтгэхийг хичээж ажилладаг. Цаашдаа зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх болно.
Мөн “IFPIM Монгол” хөтөлбөрийн хоёр дахь ээлжийг зохион байгуулагдахаар болсныг зарласан бөгөөд дараагийн хөтөлбөрт хамрагдах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Монгол орон даяар өргөн хүрээнд сонгон шалгаруулахаар зэхэж байна. Өөрөөр хэлбэл, “IFPIM Монгол 2023” хөтөлбөрт төвийн буюу Улаанбаатар хотод төвтэй хэвлэлүүд хамрагдсан бол дараагийн ээлжийг төв, орон нутаг зэргээр илүү өргөн хүрээнд хамруулахад чиглэх аж.
Төрбаяжих АМАРЖАРГАЛГанхуяг ХЭРЛЭН

Нийтэлсэн:   35 минутын өмнө

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн