Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин алцхаймер үүсгэдэг гэх мэдээлэл худал болохыг баримтаар нотолжээ

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин алцхаймер үүсгэдэг гэх мэдээлэл худал болохыг баримтаар нотолжээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 22
Засгийн газрын тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталсан.
Ингэснээр дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 25-наас эхлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх нь цөөнгүй байна. Тухайлбал, Монголын баримт шалгах төвөөс “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул” гэх уриалгатай бичлэгт баримт шалгалт хийж, төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг баталжээ. Тодруулбал, 2024 оны арванэгдүгээр сарын 19-нд Бадарч Бямбадулам нэртэй фэйсбүүк хаягаас цацагдсан бичлэгт “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг Гардасил вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдэд тарьж эхлэх болсонтой холбоотой болгоомжлууштай мэдээллийг хуваалцъя” гэсэн ведио бичлэг цацсан.
Үүнтэй холбоотойгоор Монголын баримт шалгах төвөөс 11 настай хөвгүүд, охиддоо вакцин бүү хийлгэ” гэх уриалгатай бичлэг ТӨӨРӨГДҮҮЛСЭН гэх нийтлэл гаргажээ. Энэхүү нийтлэлдээ "Түүний бичлэгийн эхэнд хэлсэн энэ мэдээллээс бусад нь шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарлаж, хэт нэг талыг барьсан, түүнчлэн худал мэдээлэл болохыг олон улсын болон баримт шалгах төв судалж няцаалт гаргаж байсан мэдээллүүд байна. Учир нь бичлэгт ярьсан ихэнх агуулга өмнө нь олон улсад түгж, үгүйсгэгдэж байсан мэдээллүүд юм. Өөрөөр хэлбэл, олон улс дахь вакцин эсэргүүцэгчдийн түгээдэг хуурамч мэдээллүүдийг орчуулан, импортолж байгаа хэлбэр гэж хэлж болохоор байна” гэж дурджээ. Түүнчлэн, баримт шалгалтаар гарсан онцлох баримтуудаас дурдвал:
  • “Абортны хүүхдийн материал ордог” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн: “Вакцинд үр хөндөлтийн хүүхдийн эсийг ашигладаг” гэх мэдээлэл нь өмнө нь олон тархаж байсан бөгөөд AP News, AAP Factcheck зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү мэдээллийг эрүүл мэндийн мэргэжлийн эх сурвалжуудаар няцаасан байдаг.
  • “Вакцинд хөнгөнцагаан ордог тул алцхаймер үүсгэдэг” гэх мэдээлэл худал: АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр хөнгөнцагаан нь adjuvant буюу нэмэлтээр вакцинд ашиглагддаг. Ийм төрлийн вакцинд лиценз авахаас өмнө АНУ-д аюулгүй байдал нь клиник туршилтаар батлагдсан байх шаардлагатай ба тэдгээр вакцин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон Хүнс, эмийн агентлаг баталсны дараа үргэлжлүүлэн хянаж байгаа” хэмээн мэдээлсэн байна.
  • Полисорбат-80 нь үхэлд хүргэх бодис гэх мэдээлэл төөрөгдүүлсэн: Хэдийгээр энэ бодис нь зарим судалгаагаар нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг боловч Европын Эрүүл мэндийн агентлагийн экпертүүд полисорбат-80 нь “маш бага” эрсдэлтэй болохыг дүгнэсэн байна. 
  • “Өндөр хөгжилтэй орон уугуул хүмүүстээ огт тарьдаггүй” гэсэн нь худал: 2022 оны байдлаар дэлхийн 125 улс охидыг, 47 улс нь хөвгүүдийг дархлаажуулах үндэсний хөтөлбөртөө оруулж байжээ.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаар төөрөгдүүлсэн мэдээллээс болгоомжлохын тулд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалж байна.

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн