Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байгаа талаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд баталсан. Дээрх хуулиудыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт өчигдөр хүргүүлсэн бөгөөд хуулиуд ирснээс хойш ажлын тав хоногт Ерөнхийлөгч хориг тавих, эсэх шийдвэрээ гаргадаг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавихаар болжээ.
Ерөнхийлөгчийн хориг тавьж буй үндэслэлийг ЕТГ-ын дарга Г.Занданшатар тайлбарлалаа.
ЕТГ-ын дарга Г.Занданшатар: Нэгд, гадаад зах зээлийн төлөв байдал, валютын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зах зээлийн нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ тогтворгүй байна. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Энэ нь учирч болох эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, нөөц боломж хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэх учиртай.