Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулж байна. Энэ үер Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХЭҮК-оос дүгнэлт танилцууллаа.
ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид: Комисст 2023, 2024 онд эрүүдэн шүүлттэй холбоотой нийт 108 гомдол мэдээлэл ирсэн.Үүнээс:
Цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой 55
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй холбоотой 3
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой 45
Хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлсэн.
Нийт гомдлын 11-ийг Цагдаагийн ерөнхий газар болон Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Жилд дунджаар 2 гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэдэг.
Хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төрд халдах, шийтгэхийн эсрэг асуудалд хорих анги, цагдан хорих, цэргийн албан хаагчдын дүрмийн бус харилцаа, сэтгэцийн эрүүл мэндийн төвийн нөхцөлийг онцлон анхаарах хэрэгтэй.
Манай байгууллагаас 1200 хоригдлуудын дунд судалгаа явуулахад халдашгүй байх эрхэд халдаж байна гэж 2023 онд 22,8 хувь хариулсан. Хоригдлуудын дунд явуулсан судалгаагаар хүнлэг бус, хэрцгий харилцаа байна эсвэл надтай хамт хоригдож байгаа хүнд ийм үйлдэл илэрсэн гэж хэлж байгаа.
Хорих ангид хүний эрхийн дараах асуудлууд тулгарч байна.
Хорих ангийн багтаамж: Хорих ангид хоригдож буй хоригдлын тоо жил бүр 200-300-аар өсөж байна. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн сургалт хүмүүжлийн төв, Хорих 405-р анги, Эмэгтэйчүүдийн хорих анги стандартын шаардлага хангагдаагүй байгууламжид байна. Хоригдлын тоо стандартад заагдсанаас 2-48 хувиар хэтэрсэн.
Орчин нөхцөл, дэд бүтэц: Ариун цэврийн байгууламж, бие засах газар, бохир ус зайлуулах дэд бүтэц, стандартгүй байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ: Эмч, эмнэлгийн тусламжийн үйлчилгээ хангалтгүй байна.
Хоолны хүртээмж, илчлэг: ХЭҮК-оос Сангийн сайдад 2020 онд явуулсан зөвлөмжид зөвхөн илчлэг бүхий хоолыг нөхөхийн тулд жилд 9.5 тэрбум төсөв тусгах ёстой.
Нийгмийн ажил, сэтгэлзүйн үйлчилгээ: Хорих ангид ирж буй хүмүүсийн 2 хүн тутмын нэг сэтгэл зүйн үйлчилгээ авах шаардлагатай гэдгээ илэрхийлдэг.
Эргэлт, уулзалт авах, өргөдөл гомдол гаргах эрх
Хоригдлын хөдөлмөр эрхлэлт: Хаалттай хорих ангид хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг. Мөн хоригдол хөдөлмөр эрхэлсний хөлсөө зөв зохистой тооцож байгаа эсэх талаар хяналт шалгалт тавих
Хорих ангийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх: Хэт их ачааллын улмаас албан хаагчдын зөрчилтэй холбоотой хариуцлага оногдуулж байгаа нь 200 орчим байдаг.
Баривчлах байрны орчин нөхцөл
Баривчлах шийтгэл оногдуулах байрны орчин нөхцөл, сургалт нөлөөллийн арга хэмжээ стандартын шаардлагыг хангахгүй байна. Үүнийг шийдвэрлэх хууль, журам нь гарсан. Гэхдээ төсөв, хүний нөөц, шилжүүлэх асуудлыг нь шийдвэрлэж шаардлагатай байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн нөхцөл байдал
Эмчлүүлэгчдийн тоо хэтэрсэн байна. Нэг өрөөнд 4-6 хүн байрлаж эмчлэгдэж байна. Эмчлүүлэгчтэй хүнлэг бус хэрцгий хандах хандлага байна гэж дүгнэсэн. Нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай байна.
Цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа
ХЭҮК-оос 21 дэх илтгэлд тухайн үед цэргийн алба хааж байгаа алба хаагчид болон өмнө жил нь хаасан хүмүүсээс авахад 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар дүрмийн бус харилцаанд өртсөн. Одоог хүртэл цэргийн албан хаагчдын амь нас, эрүүл мэнд хохирсон буурахгүй байна.
Уулзалт мэдүүлэг авах өрөө
Улсын хэмжээнд 565 мэдүүлэг авах өрөө байгаагаас 482 нь зохих стандартын дагуу камертай байна.
Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс 10 орчим хуулийг бүхэлд нь дүн шинжилгээ хийж, олон улсын хэмжээнд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.
Энэ төрлийн гомдол, мэдээллийн тоо нэмэгдэж байгаа ч шүүхээр эцэслэн шийдвэрлэх хэргийн тоо харьцангуй цөөн байгааг анхаарч, мөрдөн шалгах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх хэрэгцээтэй байна.
Эрүү шүүлт, хүнлэг бус харьцах хандлага, үйлдэл таслаан зогсоогдохгүй, улмаар бие махбодод халдах хэлбэрээс сэтгэл санааг шаналган зовоох арга хэлбэрт хувьсан өөрчлөгдсөн байна.
Хангамж, төсөв, дэд бүтэц, орчин нөхцөлийг сайжруулахгүйгээр эрүү шүүлт тулгахгүй, хүнлэг бус харьцахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломж байхгүй байна.
5. Эрүү шүүлтийн хохирогчдыг үр нөлөөтэй хамгаалах хэрэгтэй байна.